Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хорих лагерийн харгалзагч асан 100 настанд Германы прокурорууд ял тулгажээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Герман улсын прокурорууд өчигдөр дэлхийн хоёрдугаар дайны үед Заксенхаузен бөөнөөр хорих лагерьт харгалзагчаар ажиллаж байхдаа нийт 3,518 хүний амийг хөнөөхөд оролцсон хэрэгт 100 настай эрэгтэйг буруутган яллажээ.

Яллагдсан өндөр настан нь одоо Германы зүүн хойд Бранденбург мужид оршин суудаг юм байна. Сүүлийн жилүүдэд Германы хуулийнхан дайны үеийн хорих лагеруудад ажиллаж байсан хэд хэдэн өндөр настанд зохих ял шийтгэлийг оноогоод байгаа.

Өнгөрсөн онд 5,230 хүний амийг хөнөөхөд оролцсон хэрэгт 93 настай Бруно Д гэгчийг яллаж байв.

Өнгөрсөн долоо хоногт Стуттхоф хорих лагерьт нарийн бичгээр ажиллаж байсан 95 настай эмэгтэй Ирмгард Ф-ийг 10,000 хүний аллагад оролцсон хэмээн яллажээ.

Өчигдөр яллагдсан өндөр настан нь 1942-1945 онуудад Заксенхаузенд харгалзагчаар ажиллаж байсан юм байна.

1936 онд Берлиний ойролцоо байгуулагдсан Заксенхаузенд хорт хийгээр хоригдлуудыг бөөнд нь устгах туршилт явуулж, жүүд, цыган, ижил хүйстэн голдуу 100,000 хүний амийг хөнөөж байжээ. Сүүлд энд туршигдсан аргыг Аушвицийн хорих лагерьт нэвтрүүлж, олон сая хүний амийг бүрэлгэсэн юм.

 

Эх сурвалж: Reuters