Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Оюу толгой” компани 2020 онд татвар, хураамж, бусад төлбөрт 294 сая ам.доллар төлжээ

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
“Оюу толгой” 2020 оны дөрөвдүгээр улирлын тайлангаа өнөөдөр танилцууллаа. 

Тус компанийн 2010-2020 оны хооронд дотоодод зарцуулсан мөнгө хөрөнгө 11.6 тэрбум ам.долларыг давсан бол 2020 онд татвар, хураамж, бусад төлбөрт 294 сая ам.доллар төлжээ. 

Тус тайлангаас харвал татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 294 сая ам.долларыг улсад төлсөн үндэсний худалдан авалтад 360 сая ам.долларыг “Оюу толгой” компани зарцуулсан болохыг тайланд дурджээ. 

Үйлдвэрийн хувьд ил уурхайн уулын болон олборлолтын үечлэлийн төлөвлөгөөг эрчимжүүлсэн нь голлон нөлөөлж, агуулга сайтай хэсэг рүү шилжин олборлож эхэлсэнтэй холбоотойгоор ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ 2019 онтой харьцуулахад хоёр хувиар өссөн аж. 

Түүнчлэн дөрөвдүгээр улиралд өмнөх улирлаас илүү (+139 хувь) баяжмал дахь алт үйлдвэрлэсэн.  Зэс, алтны агуулга сайтай хэсгийн олборлолт 2021 оны турш үргэлжлэх төлөвтэй байгаа ба КОВИД-19-ээс урьдчилан сэргийлэх заавар журмыг чанд мөрдөн баяжмалаа Хятадын хилээр үргэлжлүүлэн тээвэрлэж байгааг мэдээлэв. 

Үйл ажиллагааны гүйцэтгэлийн тухайд: 

  • Ил уурхайн үйл ажиллагаа үргэлжилж байна.
  • Гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.15 байлаа.
  • Нэг тонн хүдэр боловсруулахад 0.55 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэх зорилтоо сайжруулан 0.37 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэжээ. Энэ хугацаанд ашигласан усаа дунджаар 87.7 хувийг дахин боловсруулж, 80 хувьд хүргэх зорилтоо давуулан биелүүлжээ.
  • Нийт ажилтны 95.4 хувь нь монголчууд байна.
  • Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 294 сая ам.долларыг оны эцэс гэхэд төлсөн бол нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш 2.9 тэрбум ам.долларыг дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ хамаарна.
  • Дөрөвдүгээр улирлын эцсийн байдлаар 770 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 499 нь үндэсний ханган нийлүүлэгчид байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 72 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдээ зарцуулжээ. 

Гүний уурхайн төслийн мэдээнээс зарим тоон мэдээллийг онцлон харвал:

  • Нэн чухал туслан гүйцэтгэгчдээ уртасгасан хуваариар уурхайд байрлан ажиллуулах болон ажилтнуудаа үе шаттай шинжилгээнд хамруулах зэргээр төслийн зүгээс тодорхой нөлөөллийг бууруулах арга хэмжээнүүдийг авч ажилласан.
  • Гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн ажил одоогоор 53,000 метр хүрсэн ба анхны тэсэлгээ хийхэд шаардлагатай бүтээн байгуулалтын ажил нь дуусаж буй.
  • Рио Тинто арванхоёрдугаар сарын 16-нд Оюу толгойн гүний уурхайн төслийн Панел-0 хэсгийн нарийвчилсан тооцооллыг эцэслэн гаргасан билээ. Ингэснээр, өмнө нь мэдээлж байсан таамгийн хүрээнд шинэчилсэн төсөв 6.75 тэрбум ам.доллар болох бол тогтвортой үйлдвэрлэл 2022 оны аравдугаар сард эхлэх тооцоог гаргажээ. Энэхүү тооцоололд КОВИД-19 цар тахлын одоогоор мэдэгдэж буй нөлөөллийг оруулж тооцсон аж.
  • Оюу толгойн ил болон гүний уурхай 2028-2036 оны хооронд жилд дунджаар 480,000 тонн зэс үйлдвэрлэнэ гэж тооцсон байна.