Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баярсайхан: Банкны тухай хуулийн өөрчлөлт санхүүгийн салбарын эрүүл тогтвортой байдлыг хангахад бодлогын томоохон шийдвэр боллоо

ikon.mn
2021 оны 2 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хэлэлцэн баталсануг хуулийн төсөлтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. Хуульд банкуудыг хувьцаат компани хэлбэртэй байхаар заасан нь хөрөнгийн зах зээлд ямар нөлөө үзүүлэх бол...?

-Үнэхээр, Банкны тухай хуульд орж буй томоохон өөрчлөлт, тэр дундаа хөрөнгийн зах зээлтэй хамааралтай орсон гол өөрчлөлт бол банкуудыг хувьцаат компани хэлбэртэй болгох зохицуулалт юм. Ингэхдээ Монголбанкнаас системийн нөлөө бүхий гэж тогтоосон банкууд нээлттэй хувьцаат компани хэлбэртэй, бусад нь нээлттэй эсвэл хаалттай хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах боломжтой байхаар зааж өгсөн. Мөн нэг болон түүнтэй холбогдох этгээдүүдийн эзэмших хувьцааны хэмжээг тухайн банкны нийт хувьцааны 20 хувиас илүүгүй байхаар заасан нь хувьцааны төвлөрлийг бууруулж, засаглалыг сайжруулах боломж бүрдэнэ.

Одоогийн байдлаар Монголбанкнаас нэр бүхий таван арилжааны банкыг системийн нөлөө бүхий банк гэж тогтоосон бөгөөд эдгээр нь нийт банкны салбарын актив хөрөнгийн 90 гаруй хувийг бүрдүүлдэг, 30 гаруй их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй юм. Ер нь Банкууд IPO гаргаснаар банкны үйл ажиллагаа ил тод нээлттэй болж, хяналтын тогтолцоо илүү боловсронгуй болох, банкны засаглал сайжрах, санхүүгийн хүртээмжтэй байдал нэмэгдэх зэрэг банк, санхүүгийн салбарын экосистемийн тогтвортой хөгжлийг дэмжих боломж бүрдэнэ. Нөгөөтэйгүүр, хөрөнгийн бирж дээр иргэд, хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах боломжтой бас нэгэн шинэ бүтээгдэхүүн гарах боломж бий болно. 

-30 гаруй их наяд төгрөгийн хөрөнгөтэй банкууд нээлттэй компани болж, хөрөнгийн бирж дээр гарахад манай улсын хөрөнгийн зах зээл бэлэн гэж Та үзэж байна уу?

-Хөрөнгийн зах зээл дээр 2005 онд анхны IPO буюу олон нийтэд хувьцаагаа санал болгож, нээлттэй хувьцаат компани болж гарч байсан. Түүнээс хойш нийт 24 компани IPO хийж, нэмж 11 компани хувьцаагаа гаргаж өнгөрсөн оны жилийн эцсээр зах зээлийн үнэлгээ 3.0 их наяд төгрөгт хүрсэн. Мөн 19 компани бирж дээр компанийн өрийн хэрэгсэл буюу бонд, хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасаа нийтэд санал болгож амжилттай гаргасан.

Харин 2014 оноос Засгийн газрын үнэт цаасыг биржээр дамжуулан арилжаалж эхэлсэн зэрэг нь манай улсын иргэд, хөрөнгө оруулагчдын хөрөнгийн зах зээлийн ойлголтыг ихээр нэмэгдүүлсэн. Эдгээр бүтээгдэхүүнд зөвхөн дотоодын иргэд, хөрөнгө оруулагчдаар зогсохгүй олон улсын санхүүгийн байгууллага, гадны хөрөнгө оруулагчид ч хөрөнгө оруулж, хөрөнгийн зах зээлд оролцож байсан.

Түүнчлэн УИХ-аас 2010 онд Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль, 2013 онд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль зэрэг хөрөнгийн зах зээлийн суурь хууль тогтоомжуудыг олон улсын жишигт нийцүүлж шинээр болон шинэчлэн баталсан. Энэ бүхнээс дүгнэхэд, хөрөнгийн зах зээл дээр өнөөдөр иргэд, хөрөнгө оруулагчдын хүсэл сонирхолд нийцсэн, сайн бүтээгдэхүүн борлуулбал хөрөнгө оруулах боломж бүрэн бий. Дэд бүтцийн хувьд ч банкууд хувьцаагаа олон нийтэд санал болгоход ямар ч саад бэрхшээлгүй, бэлэн байдал бүрэн хангагдсан гэж хэлж болно.

-Банкууд нээлттэй хувьцаат компани болсноор Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, зохицуулалтад орох уу. Эсвэл  Монголбанкны зохицуулалтад  хэвээр үлдэх үү?

-Нээлттэй хувьцаат компани болсноор Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу Хорооны хяналт, зохицуулалтад орно. Гэхдээ Монголбанкнаас Банкны тухай хуульд заасан чиг үүргийн хүрээнд үндсэн үйл ажиллагаатай холбоотой хяналт, зохицуулалт нь хэвээр байна. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд нээлттэй хувьцаат компани болсноор төрийн хоёр зохицуулах байгууллагын хяналт дор үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг. Иймээс Монголбанк, Хороо хамтран банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах, шинээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, хувьцаагаа нийтэд санал болгох, худалдах, шилжүүлэх, үүнтэй төстэй бусад хэлцэл хийх, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах харилцааг зохицуулах чиглэлд хамтран ажиллах болно. 

Эцэст нь хэлэхэд, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн баталснаар хөрөнгийн зах зээлийн хөгжилд түшиг болохын зэрэгцээ санхүүгийн салбарын эрүүл, тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй, бодлогын томоохон шийдвэр боллоо.