Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвар бүртгэгдэлгүй олон өдөр болсон тул Австралийн мужууд дотоод хилээ нээж эхэллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Австралийн хамгийн олон хүн амтай муж болох Нью Соут Уэлс өнөөдөр 11 дэх өдрөө коронавирусийн халдварын ганц ч тохиолдол дотооддоо бүртгээгүй байна.

Тиймээс ирэх сарын нэгнээс эхлэн хөрш Күинслэнд мужтай залгаа хилээ нээж, зорчигч тээврийн урсгалыг нэвтрүүлэхээр болжээ.

Арванхоёрдугаар сарын сүүлээр Сидней хотод гарсан вирусийн дэгдэлтийн улмаас Нью Соут Уэлс муж бусад мужуудтай залгаа хилээ хаасан нь австраличуудын Зул сарын баярын төлөвлөгөөнд хүндрэл учруулж байв.

Нэр хүндтэй Australia Open теннисийн тэмцээнийг зохион байгуулж байгаа зүүн өмнөд Викториа муж мөн Баасан гарагаас эхлэн Сидней хотын нислэгийг сэргээхээр болжээ.

Тус мужид сүүлийн 22 хоногийн хугацаанд дотоод халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй юм.

Австрали улсад цар тахал эхэлсэн цагаас хойш 22,000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 909 хүн нас бараад байна.

Гадаад хилээ эрт хааж, хорио цээрийн хатуу дэглэм тогтоосны хүчинд Австрали улс өнөөдөр цар тахалтай хамгийн амжилттай тэмцсэн дэлхийн 10 орны нэгд тооцогдож байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters