Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Алтай: Хөрөнгийн бирж сайн бүтээгдэхүүнтэй байх тусам багтаамж нэмэгдэнэ

ikon.mn
2021 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтайтай ярилцлаа. 

- Банкуудыг хувьцаат компани болгох талаар хуулийн төсөл хэлэлцэгдэж эхэллээ. Таны хувьд банкуудыг нээлттэй хувьцаат компани болгосноор үүсэх давуу талыг хэрхэн харж байна вэ?

- Юуны өмнө Банкны хуульд нэмэлт, өөрчлөлт орж байгаа нь цагаа олсон зөв алхам гэж бодож байна. Банк бол өвөрмөц бизнес. Өөр дээрээ хадгаламж, харилцахыг төвлөрүүлдэг. Тэгэхээр харилцагчаас хамаардаг, харилцагчидтайгаа уялдаатай явдаг бизнес. Хувьцаат компани болсноор хадгаламж эзэмшиж байгаа харилцагчид нь банкныхаа хувьцаа эзэмшигч болох боломжтой. Ингэснээр банкны засаглал сайжрахад чухал үр нөлөө үзүүлэх болов уу.

Нөгөөтэйгүүр Банкны тухай хуулиас гадна бас нэг чухал хууль хэлэлцэгдэж байгаа. Энэ нь Хувийн тэтгэврийн сангийн тухай хууль. Өөрөөр хэлбэл, хуулийг баталснаар хувийн тэтгэврийн сангууд үүсч, бий болно. Энэ сангуудад хуримтлагдах иргэд бидний ирээдүйд авах хуримтлал нь хөрөнгийн захаар дамжаад банкуудын хувьчлал гэх зэрэгт зарцуулагдах боломжтой. Ингэснээр иргэдийн ирээдүйд авах хуримтлал нь банкуудын үйл ажиллагааны өгөөжөөр арвижна. Нөгөөтэйгүүр банкны үйл ажиллагаа, засаглал сайжирна. Мөн банкны харилцагчтайгаа харилцах холбоо нь бүр илүү нягт болно.

- Хууль баталлаа гээд хөрөнгийн биржийн чадвар, багтаамж хангалттай байна уу?

- Монголбанкнаас гаргасан судалгаагаар нийт банкууд дээр 22 их наяд орчим төгрөгийн харилцах болон хадгаламж байна. Сүүлийн үед банкны хадгаламжийн хүү нэлээд буурах хандлагатай болсон. Тэгэхээр төгрөгийн хадгаламж эзэмшиж байгаа хүн өгөөж нь буураад эхлэхээр мөнгөө авах, доллар болгох зэрэг процесс явж байх шиг байна.

Хэрвээ хөрөнгийн бирж дээр манай томоохон аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ гаргаад эхэлбэл, тэр 22 их наяд төгрөгөөс  хөрөнгийн зах зээл рүү орох бүрэн боломжтой. Яг өнөөдрийн байдлаар хөрөнгийн бирж дээр нийт бүртгэлтэй байгаа компаниудын зах зээлийн үнэлгээ гурван их наяд гаруй төгрөг байна. Энэ нь манай ДНБ-ий 10 орчим хувьтай тэнцэж байна.

Хөрөнгийн бирж дээр сайн бүтээгдэхүүн гарвал энэ багтаамж нэмэгдэнэ гэсэн үг. Зөвхөн банкны харилцах, хадгаламж бус гадны хөрөнгө оруулалтыг татах, дуудах их том суваг болно. Тэгэхээр багтаамжийн хувьд бүтээгдэхүүн нь өөрөө сайн бүтээгдэхүүн байвал багтаамж тэлэх бүрэн боломжтой. Нөгөөтэйгүүр дээр дурдсанчлан тэтгэврийн шинэчлэлийг үүнтэй уялдуулж өгвөл багтаамжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй.

Хөрөнгийн зах зээл хөгжих нь бүх талуудад хэрэгтэй, ашигтай. Тэгэхээр банкны хуулийн шинэчлэл болон тэтгэврийн шинэчлэлийн асуудал нь Монголын эдийн засгийг цоо шинэ шатанд хүргэх тулгуур хууль болно гэж харж байгаа. Дэлхийн санхүүгийн тогтолцоог харвал бараг бүхий л банк хувьцаат компани байдаг. Тэгэхээр энэ нь аливаа улсын санхүүгийн байгууллагын хөгжлийн үе шатыг тодорхойлдог зүйл юм.

- Ярилцсанд баярлалаа.