Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Малын эрүүл мэндэд тустай зэрлэг ургамлыг судлах замаар бэлчээрийн нөхөн сэргээлтийн технологийг боловсруулах төсөл танилцууллаа

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Монголын эрдэмтдийн боловсруулсан “Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах нь” төсөл олон улсын тэтгэлэгт тэнцэж, боловсон хүчин болон санхүүжилтийн дэмжлэг авсан байна.  

Уг төслийн танилцуулга өнөөдөр МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байранд өнөөдөр боллоо.

Ийнхүү Монгол, Японы эрдэмтэд бэлчээрийн нөхөн сэргээлтийн технологийг боловсруулах зорилготой хамтран ажиллаж байна. 

Дэмжлэг олгосон Япон улсын Шинжлэх ухаан, технологийн агентлагаас хэрэгжүүлдэг САТРЕПС хөтөлбөрийн гол зорилго нь хүрээлэн буй орчин, эрчим хүч, биологийн нөөц, байгалийн гамшиг, халдварт өвчин зэрэг хүн төрөлхтний өмнө тулгарч буй глобал асуудлуудыг шийдэхэд тусдэм болохуйц шинэ мэдлэг бүтээж түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх явдал аж. 

Монгол Улсад хэрэгжих дээрх төслийн хүрээнд нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэг, шинжлэх ухааны судалгаанд үндэслэн зуны халуун, өвлийн хүйтэн эрс тэс уур амьсгал, нарны хурц гэрэл, давсархаг болон үржил шим багатай хөрс зэрэг гадаад орчны таагүй нөхцөлд тэсвэртэй, өсөлт хөгжилт нь хурдан, малын эрүүл мэндэд ашиг тустай бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг сонгон авч, судлах замаар бэлчээрийн нөхөн сэргээлтийн технологийг боловсруулж, малын эмнэлгийн практик зэрэгт нэвтрүүлэх явдал юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт бэлчээрийн 22.6% нь буюу 25 сая га нь доройтсон байна. 

Төслийн хүрээнд Монгол Улсад өндөр үнэтэй, орчин үеийн судалгааны багаж төхөөрөмжүүд нийлүүлэгдэж, судалгааны орчинг сайжруулж материаллаг баазыг бэхжүүлнэ.

 
БШУЯ

Япон улсаас мэргэжлийн судлаачид Монголд ирж газар дээр нь судалгааны ажлыг удирдах, залуу судлаачид, магистрант, докторантыг дагалдуулан ажиллах, тэднийг Япон улсад урт, богино хугацааны зэргийн болон зэргийн бус сургалт, судалгаанд хамруулах замаар боловсон хүчнийг чадавхжуулах юм. 

Төслийг хэрэгжүүлэхэд МУИС оролцож байгаа ба нийт таван жилийн турш хэрэгжих бөгөөд жилдээ ойролцоогоор 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэх юм.  

Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас эрдэмтэн судлаачдын судалгааны төвлөрлийг бий болгох, хүний нөөц, хөрөнгийг үр дүнтэй ашиглах, үр дүн, өрсөлдөөнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог шинжлэх ухаан, технологийн салбарт бий болгох зорилтыг дэвшүүлж байгаатай энэхүү төслийн үйл ажиллагаа бүрэн дүүрэн нийцэж байгааг онцолж цаашид ийм төслүүдийг дэмжин ажиллах аж. 

Эрдэмтэн судлаачдын хамтын судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагын түншлэлийг дэмжиж судалгаа хөгжүүлэлтийн зардлыг энэ чиглэл рүү зарцуулж үр дүн гарган ажиллахад БШУЯ онцгой анхаарч буйг хэллээ. 
 
БШУЯ
 
БШУЯ

 

Эх сурвалж: Боловсрол, Шинжлэх ухааны яам