Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Тэмүүжин: АН эрүүлээр хяналт тавихад тогоон доторх асуудлаа шийдэх хэрэгтэй тул ҮБХ-г яаралтай хуралдуулах шаардлагатай

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 1 сарын 25
iKon.MN
 
гэрэл зургийг MPA.mn

Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны /ҮБХ/ ээлжит бус хурлыг хуралдуулах шаардлагыг намын Улс төрийн зөвлөлд хүргүүлэх гэж буй тухай өнөөдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн төлөөлөл мэдээллээ. 

Ардчилсан Намын Үндэсний бодлогын хороо 390 орчим гишүүнтэй бөгөөд олонх нь бодлогын хорооны хурлыг яаралтай зарлан хуралдуулах хүсэлтэй байгааг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү мэдээллийн эхэнд онцлов. 

 
гэрэл зургийг MPA.mn

Үргэлжлүүлэн тэрбээр "Учир нь өнөөдөр Монголын нийгэм, эдийн засаг хүнд нөхцөлд байна. Дөрвөн улирал дараалан эдийн засаг агшлаа. Монгол Усын Засгийн газарт КОВИД-19-ийн нөхцөл байдлаас үүдсэн хүндрэлээс ард иргэдээ гаргах бодлого байгаагүй нь батлагдаж байна. Энэ утгаараа Ардчилсан Намын ҮБХ Монголын өнөөгийн нийгэм, эдийн засгийн асуудалд дүгнэлт гаргаж, Ардчилсан Намд үүсээд буй нөхцөл байдалд бодлогын хэлэлцүүлэг явуулан дотоод асуудлаа яаралтай шийдэх хэрэгтэй байгаа юм. Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонх нь гарын үсэг зурж, улс төрийн зөвлөлийн гишүүддээ өргөн барьж байна" гэв. 

 
гэрэл зургийг MPA.mn

Мөн Ардчилсан Намын гишүүн Х.Тэмүүжин “АН өөрийн толгой дээрх бухлыг олж харахаас гадна, тэр бухлаасаа яаж салах вэ гэж санаа зовж, энэ шүүмжлэлийг ч хүлээн авч байгаа. Айл гэр хэрүүлтэй байхад олон түмэн тэр айл рүү ойртох нь байтугай  үр хүүхэд нь айж, ичин холддог жамтай. Тэгэхээр тогоо доторх асуудлаа шийдэж байж сөрөг хүчнийхээ хяналтыг тавина. Нам дотроо хүлээцтэй байж асуудлаа шийдэн, гадна талдаа хариуцлагатай байх ёстой. 

Ордон дотор нь хулгайч, луйварчид нь ороод суучихсан. Төрийн толгойд худалч, урвагчид заларчихсан энэ үед Монголын төрөөс шинжлэх ухаанч бодлого гарахаа больсон. Монголын төрөөс эрүүл саруул бодлого үнэртэхээ больсон. Ардчилсан Нам эрүүл саруул хяналт тавихын тулд тогоон доторх асуудлыг шийдэх хэрэгтэй. Иймээс Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурлыг яаралтай хуралдуулах шаардлагатай” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Ардчилсан Намын дүрмийн хүрээнд ҮБХ-ны нийт гишүүдийн гуравны нэгийн шаардлагаар хороог зарлан хуралдуулах нөхцөлтэй аж.