Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Орос даяар Алексей Навальныйг дэмжигчид жагсаж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Германд эмчлүүлж байгаад өнгөрсөн Ням гарагт Москвад ирмэгцээ баривчлагдсан Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг дэмжигчид өнөөдөр түүнийг суллахыг шаардан жагсаж эхэлжээ.

Цагийн бүсээсээ хамааран Алс Дорнод, Сибирийн хотуудад олон зуун хүн эсэргүүцлийн жагсаалд оролцож эхэлсэн байна. Жагсаал цаашдаа нийслэл Москва болон бусад хотуудыг хамрах нь тодорхой болжээ.

Өнөөдөр өглөө Алс Дорнодын Хабаровск хотын төвд 250 орчим хүн эсэргүүцлийн жагсаалд оролцсоныг хотын захиргаа мэдээлсэн байна. Тэд Алексей Навальныйг суллахыг шаарджээ. Өнгөрсөн оны турш Хабаровск хотод өмнөх захирагч Сергей Фургалыг суллахыг шаардсан жагсаал болоход 50,000-60,000 хүн оролцож байв.

Зөвшөөрөлгүй жагсаал цуглаанд оролцсон иргэдийг цагдаа нар тараах үеэр 40 хүнийг баривчилжээ.

Алс Дорнодын өөр нэг том хот Владивостокт янз бүрийн эх сурвалжийн өгсөн мэдээллээр 500-1,000 орчим хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болж, цагдаа нартай мөргөлдөөн үүсгэсэн байна.

Сибирийн хойд хэсгийн Якутск хотын иргэд Цельсийн -51 хэмийн хүйтнийг үл хайхран жагсжээ.

Цар тахлын хөл хорионы дэглэм тогтоогоод байгаа ч өнөөдөр Оросын Европын хэсгийн хотуудад эсэргүүцлийн жагсаал үргэлжлэх төлөвтэй байна.

2014 онд оноосон тэнсэн харгалзах ялын нөхцлийг зөрчсөн шалтгаанаар Навальныйг Ням гарагт Германаас Москва хотод ирэхэд нь нисэх буудал дээр баривчилж хорьсон юм.

Тэрбээр наймдугаар сард Сибирийн Томск хотод үл мэдэгдэх химийн бодист хордсоныхоо дараа Москва руу буцаж явах замдаа бие нь муудаж байв. Түүнийг Омск хотоос Германы нийслэл Берлинд онгоцоор хүргэн эмчилж эхэлсэн юм.

Германы мэргэжилтнүүд Навальныйг хордуулсан бодис нь хүйтэн дайны үед химийн зэвсгээр ашигладаг байсан Новичок болохыг тогтоосон байна. Оросын тусгай албаныхан амийг нь хөнөөхийг оролдсон гэж Навальный мэдэгдэж байв.

Харин Москвагийн эрх баригчид үүнийг эрс няцааж байлаа. Навальныйг баривчилсны дараа Оросын эрх баригчид түүний хамтран зүтгэгчдийг мөн баривчлан хорьж, Бямба гарагийн хууль бус жагсаалд оролцохгүй байхыг иргэдэд анхааруулж байжээ.

Навальныйг баривчлагдсаны дараа түүний хамтрагчид Хар тэнгисийн эрэг дэх Путиний нууц ордны тухай видео материалыг YouTube сувгаар цацсан ба өнөөдрийн байдлаар хүмүүс 66 сая удаа үзээд байна.

Казино, театр, дарсны агуулах бүхий 17,691 метр квадрат талбайтай уг тансаг ордныг нэгэн баян бизнесмэн Путинд бэлэглэсэн гэж энэ видеонд мэдээлжээ.

Кремлийн хэвлэлийн алба уг видеог ашиг хонжоо олох зорилгоор Навальныйн бүтээсэн хуурамч материал гэж мэдэгдсэн байна.

Алексей Навальныйг Оросын эрх баригчид олон жилийн турш цөөн дагагчтай жирийн нэг блогчин тул аюулгүй гэж үздэг байв. Гэвч жил ирэх бүр түүний нөлөө нэмэгдэж, өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний хамгийн том шүүмжлэгч болоод байна.

 

Эх сурвалж: BBC, Russia Today