Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ариунцэцэг: Аливаа зүйлийн мөн чанар, утга учрыг анхнаасаа ойлгож сурна гэдэг үнэхээр сайхан

МОНСУДАР
2021 оны 1 сарын 19
Монсудар
Зураг зураг
МОНСУДАР

Дидо редакцаас гаргасан "Суурь мэдлэг" цувралын тухай ярилцлаа. 

 - Танайхаас эрхлэн гаргасан “Суурь мэдлэг” цувралын номуудыг үлгэр жишээ лавлахууд гэж сонслоо. Яг юугаараа үлгэр жишээ болов?

- Математик, физик, хими, биологийн лавлахууд нь Германы Дүдэн хэвлэлийн газрын бүтээлүүд байгаа юм. Тэндхийн суурь мэдлэгийн лавлахууд. Агуулгын хувьд манайхаас дутуу зүйлгүй ч илүү зүйл бий. Бид өндөр хөгжилтэй орны хүүхдүүд ямар хэрэглэгдэхүүн ашиглаж байна, түүнийг ганц нэгээр ч болов хүүхдүүддээ хэрэглүүлэхийг хүссэн юм. Энэ нь тэдэнд хичээлээ ойлгох, хичээлдээ дуртай болоход нь тусална шүү дээ.

Энэ цувралын концепт өөрөө их сайн. Агуулгыг маш ул суурьтай, системтэй, амьдралын жишээ баримттай, хэрэглээнд ойр өгнө. Бас агуулгаа маш цомхон, ойлгомжтой тайлбарладаг. Номын дизайныг хийхдээ ч нэг нүүр хуудас ямар байдалтай харагдах вэ гэдэгт хүртэл анхаарсан. Дан урсгал бичвэр байна гэж байхгүй. Зураг, хүснэгт, диаграмм гээд агуулгыг уншихад ойлгомжтой, хялбар байлгахыг бүхий л талаас нь бодолцсон байгаа юм.

Номыг уншихад үнэхээр хялбар, сонирхолтой. Жишээлбэл, би багадаа гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангид явж байсан. Манай ангид хэлний хичээл оруулах гээд Химийн хичээлийг хасчихсан, би хими сайн мэддэггүй л дээ. Тэгээд Химийн номыг ойлгох болов уу гэж их л эмээж байж барьж авч уншсан. Тэгсэн хоёр гуравхан өдрийн дотор уншиж дуусгасан, овоо ч юм мэдэж авсан. Өөрийгөө химийн хичээл үзээгүй ч ядаж жаахан суурьтай, ойлголттой боллоо гэж бодож байна. Одоо дахин сэдэв сэдвээр нь тогтож унших, толгойдоо сайтар шингээх санаатай байна.

- Түрүүн та агуулгыг нь ул суурьтай, системтэй гэж тодорхойллоо. Энэ нь яг юу гэсэн үг вэ. Манай сурах  бичиг, лавлахууд системгүй гэсэн үг үү?

- Тийм биш л дээ, гэхдээ агуулгаа яаж өгч байгаад их учир байна. Манай сургалтын арга зүй одоохондоо учир начраа олоогүй л явна. Сайн нэвтэрхий толь, танин мэдэхүйн номууд байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ тэднийг сургалтад ашигладаггүй, сургалтын арга барил ч академик, онолын шинжтэй хэвээр байна. Хичээл дээр, сурах бичгүүдэд агуулгыг шууд л ийм, тийм байдаг, сур, цээжил гээд л өгчихнө.

Харин энэ цувралын ном бүрийн эхэнд жишээ нь, тухайн шинжлэх ухаан юуг судалдаг, хамгийн гол нь яаж судалдаг арга техникийг нь хэлж өгдөг. Жишээлбэл, хүүхдүүд “Ямар мундаг хүмүүс энэ бүхнийг олж нээсэн юм бол?”, “Яаж хэдэн мянган жилийн өмнө юу болсныг мэддэг байна аа?” зэргээр боддог. Тэгвэл түүхийн лавлахад түүхийг яаж олж мэддэг аргуудыг хэлээд өгчихсөн. Хими, биологи, физик гээд бүгд адилхан. Түүнийг нь уншаад хүүхдүүд шинжлэх ухааныг ойлгож сурна. Цааш нь агуулгыг амьдрал дээрх хэрэглээтэй холбоод өгөхөөр улам гоё болно шүү дээ.

- Байгалийн ухааны лавлахууд нь германы хэвлэлийн газрынх гэлээ. Бусдыг нь яаж хийсэн бэ?

- Байгалийн ухаан, жишээ нь бодис, байгалийн үзэгдэл бол Монголд ч адил, Германд ч адил, зүй тогтол, тайлбар нь ижилхэн. Тиймээс бэлэн бөгөөд чанар сайн учир германы хэвлэлийн газрын эрхийг авсан. Харин нийгмийн шинжлэх ухааны хувьд өөр. Түүх гэхэд бид Монголынхоо түүхийг үзэх учир түүх, монгол хэл, уран зохиол, нийгэм судлал зэрэг нийгмийн ухааны лавлахуудыг яг адил концептоор хийж байгаа. ЕБС болон их дээд сургуулийн шилдэг багш нар, хэвлэлийн газрын мэргэжлийн редакторууд гээд олон хүний хамтын бүтээл болж байна.

- Манай сургалтын агуулгаас илүү зүйл бий гэсэн. Жишээ нь юу илүү байна?

- Нэгт, өмнө дурдсан тухайн шинжлэх ухаанаар бодож сэтгэх, ажиллах арга зүй.

Хоёрт, жишээлбэл биологи гэхэд бактери, вирусийн талаар, ялангуяа БЗХӨ-ийн вирусийн талаар маш дэлгэрэнгүй байх жишээтэй. Манайд бол тэр талаар ярих хориотой мэт цэрвэдэг. Гэтэл энэ бол өсвөр насны, насанд хүрэх шатандаа яваа хүүхдүүдийн зайлшгүй мэдэж байх ёстой зүйл. Химийн лавлахын мэргэжлийн редактор, Монгол Улсын гавьяат Адилбиш багш жишээ нь байгаль орчны хими гээд бүхэл бүтэн бүлэг байгаад их баярлаж байсан. Энэ өнөөдөр ямар чухлыг би энд тайлбарлах шаардлагагүй, хэн хүний ойлгох асуудал гэж бодож байна. Энэ мэт гаднын хөгжилтэй улсуудад дэлгэрэнгүй үздэг, манайд анхаарлаас гадуур орхигдсон сэдвүүд, агуулгууд бий. 

- Хэрэглэгчдээс номуудынхаа талаар ямар санал сэтгэгдэл авч байна?

- Хэрэглэгчид гэснээс нэг чухал зүйлийг саналаа. Манайх ноднин жил Боловсролын хүрээлэнд энэ цувралаа хүргэж ном бүр дээр анализ хийн, сургалтад ашиглаж болох эсэх талаар дүгнэлт гаргаж өгөхийг хүссэн юм. Боловсролын хүрээлэн ном бүрээр нарийвчлан хийж, “сургалтад ашиглах боломжтой” гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн нь маш ховор тохиолдол болсон гэж бодож байна. Харин хэрэглэгчдийн хувьд зөвхөн ЕБС-ийн сурагчид гэлтгүй оюутнууд, насанд хүрэгчид хүртэл мэдлэгээ нэмэх, ойлгоогүйгээ нөхөх зорилгоор авч байгаад их баярлаж байгаа. Нэг ном аваад хэрэглэсэн хүн бусдыг нь ер нь авдаг. Номын хямдралтай худалдаа болоход хүүхдүүд өөрсдөө мөнгөө бариад  “Биологийг нь аваад хэрэглэж байгаа, химийг нь авах гээд хүлээж байлаа” гээд ирдэг нь бидний жинхэнэ үнэлгээ. Үүнд л бид бүхнээс илүү баярладаг.

- Одоо ямар ном дээр ажиллаж байна?

- Яг одоо уран зохиолын лавлахыг гаргах гээд эцсийн хяналт засвар хийж байна. Дараа нь газар зүй, нийгэм судлал хоёрыг гаргачихвал цуврал маань бүрэн болно.

-  Та бүхний ажилд амжилт хүсэж, олон сайхан ном бүтээл туурвихыг хүсье.

 

 Ярилцсан: Б.Гэрэлцэцэг