Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Доржханд: 200 мянган ажлын байрыг хамгаалах боломж бий болгох тогтоолын төслийг өргөн барьж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “УИХ-ын дарга Г.Занданшатарт ажлын байрыг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн барих гэж байна. 

Цар тахлын эдийн засагт учруулж буй хүндрэлийг даван туулахын тулд Засгийн газраас иргэдийн орлогыг хамгаалах, цахилгаан, дулааны суурь үнийг төрөөс даах шийдвэрүүдийг гаргасан. Тэгвэл одоо юу дутагдаад байна вэ. Одоо эрэлтийн хөрөнгө, бизнесийн эх үүсвэр дутагдаад байна. 

2-3 дугаар сараас бизнес идэвхжээд эхэлнэ. Бидэнд дор хаяж 200 мянган ажлын байрыг хамгаалах боломж байгаа учраас тогтоолын төсөл боловсруулан өргөн барих гэж байна. 

Уг тогтоолын төсөлд гурван их наяд төгрөгийн эх үүсвэрийг зарцуулах боломж байгаа. Өнөөдөр Монголбанканд 7.6 их наяд төгрөг байна. Банкууд мөнгө гаргадаггүй, гаргах юм бол дамдуурна гэсэн айдастай байна. Ийм үед Засгийн газар идэвхтэй ажиллах хэрэгтэй. Гурван их наяд төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын үнэт цаас гаргах замаар бий болгох боломжтой байна. Зээлийн хүүгийн хязгаар хүчээр тогтоох биш зах зээлийнх нь зарчмаар банканд байгаа эх үүсвэрийг бизнес рүү шахах ажлыг хийх хэрэгтэй. Үүнийг Засгийн газар өөрөө хийх хэрэгтэй байна. 

Ингэж хийхдээ бонд гаргаад арилжина, төв банкны үнэт цаасан дээр байгаа эх үүсвэрийг татаж авна. Үүнийгээ хүү нэмэхгүйгээр жилийн таван хувийн хүүтэйгээр, дор хаяж гурван жилийн хугацаатай, эхний нэг жилд нь зөвхөн хүүгийн төлбөр төлдөг байх нөхцөлтэйгөөр яаралтай гаргах хэрэгтэй. 

Энэ арга хэмжээг хэрэгжүүлснээр 200 мянган ажлын байрыг бүрэн хамгаалах боломжтой. Жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчдэд зориулж энэ бодлогын арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүл гэдэг зөвлөмжийг Засгийн газарт өгч байна. Дээрээс нь УИХ-ын тогтоолыг санаачлан өргөн барьж байгаа юм. 

Мөн үүний хажуугаар жижиг, дундаас гадна 200-гаас дээш ажилтантай, дундаас дээш бизнес эрхэлдэг, ажлын байрыг хамгаалж байгаа бизнесүүдэд ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг дээр маш тодорхой зөвлөмж өгч байгаа. Зээлийн эрсдэлийн барьцаа хөрөнгийн 50 хувийг төрөөс даах тухай тусгасан. Зээлийн эрсдлийн барьцааны сан гэж байдаг. Энэ санг мөнгөжүүлэх хэрэгтэй. 100-200 тэрбум төгрөгөөр мөнгөжүүлсэн тохиолдолд дахин гурван их наяд төгрөг дээр баталгаа гаргах боломж байна. Ийм байдлаар бид 400 мянган ажлын байрыг хамгаалах боломжтой болно. 

Хоёрдугаарт, би УИХ-ын гишүүнийхээ хувиар Монгол Улсын Ерөнхий сайдад асуулга тавьж байна. Цар тахлын улмаас дэлхийн бүх улс орон хүндрэлтэй нөхцөлд байна. АНУ, БНСУ-д ч адилхан. Монголчууд хамгийн ихээр байдаг тэдгээр орнуудад манайхтай адилхан ажилгүйдэл нүүрлээд байна. Тэнд байгаа монголчууд ажилгүй болчихоод байна. Ажилгүй болсон хүмүүс нутагтаа ирэхийг л хүснэ. Энэ тохиолдолд Засгийн газар иргэдээ татаж авах ажлыг идэвхжүүлэх шаардлагатай байна. Тиймээс Хөдөлмөрийн үндэсний намын дарга, Зөв хүн электорат эвслийг төлөөлж байгаа гишүүний хувиар монголчуудаад татаж авах асуудлыг Засгийн газарт хоёр дахь удаагаа асуулга байдлаар тавьж, чуулганы хуралдаанд ирж танилцуулахыг хүсэж байна" гэв.