Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Цагдаагийн байгууллагад хүүхэд нь үймүүлээд байна гэх дуудлага ирэхэд бусдын амгалан тайван байдлыг хангахыг зөвлөдөг, торгодоггүй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан иргэн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг билээ.

Харин сүүлийн үед дээрх хуулийн уг заалттай холбоотойгоор "Зөрчлийн тухай хуулиар 22:00 цагаас хойш хүүхэд шуугивал 100 мянган төгрөгөөр торгодог" гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархах болсон нь маргаан дагуулаад байгаа юм.

Иймд уг заалт нь хүүхэд гэртээ үймүүлэхэд хамаатай эсэхийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулав.

"Хүүхэд нь үймүүллээ гэж торгосон тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй"

Тэрбээр “Нэн түрүүнд, цагдаагийн байгууллагаас хүүхэд нь уйллаа эсвэл үймүүллээ гэж нэг ч иргэнийг торгосон тохиолдол байхгүй гэдгийг хэлье.

Учир нь Зөрчлийн тухай хуулийн хүрээнд хариуцлага хүлээх иргэн нь 16 нас хүрсэн буюу эрх зүйн чадамжтай этгээд байхыг заадаг. Тиймээс хүүхдийг торгох үндэслэл байхгүй, тийм түүх ч байгаагүй. Хуулийг ингэж гуйвуулж болохгүй.

Цагдаагийн байгууллагад хэдий хүүхэд нь үймүүлээд байна гэсэн дуудлага ирдэг ч ийм тохиолдолд зөвхөн оршин суугчдынхаа амгалан тайван байдлыг хангахыг зөвлөөд л явдаг. Түүнээс биш хүүхэд үймүүллээ гэж торгосон тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй. 

Гэхдээ тэнд хүүхэд нь уйлж, хүчирхийлэл үйлдэж байж болзошгүй байдал гарвал иргэд цаг алдалгүй мэдээлэх хэрэгтэй ёстой гэдгийг сануулъя" хэмээн тайлбарлав.

"Иргэд өөрийн эзэмшлийн орон сууцдаа чөлөөтэй байх эрхтэй ч бусад оршин суугчдынхаа ч эрх ашгийг ч хүндэтгэх үүрэгтэй" 

Үргэлжлүүлэн "Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд, нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 100,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр тус тус торгоно хэмээн заасан байдаг.

Үүнтэй холбоотой дуудлага цагдаагийн байгууллагад маш их ирдэг.

Тухайлбал, шөнийн цагаар байрных нь гадаа барилгын ажил явуулах, бүдүүн яндантай машин хүнгэнүүлэх болоод чанга хөгжим тавьж, орилж чарлах болон хөрш айлууд нь архидан согтуурч үймээн самуун үүсгэх зэрэг дуудлага бүртгэгддэг.

Хэдийгээр иргэд өөрийн хувь эзэмшлийн орон сууцдаа чөлөөтэй байх эрхтэй ч бусад оршин суугчдынхаа ч эрх ашгийг ч хүндэтгэх үүргийг давхар хүлээдэг учраас л энэ хуулийн заалт хэрэгжиж байгаа" гэдгийг нэмж хэллээ.