Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Дэлхий дахинд агааржуулалтын хоолойгоор халдвар тархах өндөр магадлалтай гэж үзэж байгаа

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Нэг орцны мөн хөрш айлууд халдвар авах тохиолдол хэд хэд бүртгэгдлээ. Халдвар агааржуулалтын хоолойгоор дамжих боломжтой юу, халдвар дамжсан замын талаар ямар таамаглал дэвшүүлж байгаа вэ?

А.Амбасэлмаа: БГД-т дөрвөн орон сууцанд гэр бүлийн халдвар бүртгэгдсэн. Батлагдсан тохиолдлын зэргэлдээ хаалга болон дээд, доод давхрын хүмүүс халдвар авсан. Тэдгээр иргэдийн үйлчлүүлдэг хүнсний дэлгүүр, СӨХ нэг бөгөөд орцондоо тааралддаг бөгөөд одоогоор агааржуулалтын эсвэл усны хоолойгоор халдвар дамжсан гэсэн судалгаа дүгнэлт гараагүй байна. Энэ халдвар агаар дуслын замаар халддаг учраас бие биетэйгээ хавьтал болж халдвар тархсан гэж үзэж байгаа. Үүнийг үргэлжлүүлэн судална.

БЗД-ийн 17 дугаар хороонд гарсан халдвар зэрэгцээ хашааны айлууд мөн бие биенийхээ гэрээр орж гардаг хүмүүсийн дунд гарсан.

Д.Нарангэрэл: Дэлхий дахинд агааржуулалтын хоолойгоор коронавирусийн халдвар тархсан талаар судалгаанууд хийгдсэн байгаа. Тухайлбал, 2020 онд Сингарпурт гадаад ажилчдын байранд агааржуулалтын хоолойгоор халдвар тархсан. Мөн Хонг Конгт нийтийн байрны агааржуулалтын хоолойгоор халдвар тархсан гэсэн мэдээлэл судалгаанууд байгаа. Дэлхий дахинд агааржуулалтын хоолойгоор халдвар тархах өндөр магадлалтай гэж үзэж байгаа.

Манай улсын тохиолдлын хувьд тандалт судалгаа үргэлжлэн хийгдэж байна.

Орон сууцанд амьдардаг иргэд маань аль болох цахилгаан шатанд суухгүй байх, нэг цахилгаан шатанд хоёроос дээш хүн суухгүй байх, өөд өөдөөсөө харж зогсохгүй байх, аль болох шатар явах, шатаар явахдаа шатны бариулд хүрэхгүй байх зэрэг зөвлөмжийг өгч байна.

Агааржуулалтын хоолойгоор халдвар дамжиж байна гэсэн таамаг төрвөл агааржуулалтын хоолойгоо мэргэжлийн хүнээр шалгуулах, яаралтай гэрийн нөхцөлд бол агааржуулалтын хоолойг наалддаг туузаар битүүлэх арга хэмжээ авахыг дэлхий дахинд зөвлөж байгаа.

- “Алтан жолоо импекс” компанийг шинэ голомт гэж үзэх үү, хаанаас эхтэй халдвар болохыг тогтоосон уу?

А.Амбасэлмаа: "Алтан жолоо импекс” компанийн нэг ажилтан халдвар авсан. Тухайн хүний гэр бүлийнх нь хүн халдварт өртсөн байсан бөгөөд гэр бүлээсээ халдвар авсан.

ААН, байгууллагууд дээр гарч байгаа халдваруудыг харвал ажилтан гэр бүлээсээ, найз нөхдөөсөө халдвар авахад ажлын газрын хүмүүсийг нь тусгаарлах, шинжилгээ авах арга хэмжээ авч байгаа. Тиймээс халдвар авсан ажилтны ойрын хавьтал болсон хүмүүсийг шинжилгээнд хамруулж байна.

ВИДЕО: (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/430491254659214

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.