Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Капитолын үймээний үеэр хоргодох байранд байхдаа конгрессийн гурван гишүүн коронавирусийн халдвар авчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Капитолын ордонд гарсан үймээний үеэр аюулгүй байдлын албаныхан конгрессийн гишүүдийг чуулганы танхимаас нүүлгэн шилжүүлж, аюулгүй газарт хэсэг хугацаанд байрлуулсан юм.

Энэ үеэр амны хаалт зүүхийг эсэргүүцдэг Бүгд Найрамдах намын зарим хууль тогтоогчид бусдадаа коронавирусийн халдвар тараасан нь тогтоогджээ.

Тухайлбал Вашингтон мужаас сонгогдсон Ардчилсан намын төлөөлөгч Прамила Жаяпал нэг өрөөнд таван цаг гаруй хугацаанд хоргодохдоо хамт байсан амны хаалтгүй гишүүдээс халдвар авсан байна.

Сүүлд мөн Иллиноис мужийн Ардчилсан намын төлөөлөгч Брэд Шнайдер, Нью Жерси мужийн Ардчилсан намын төлөөлөгч Бонни Уатсон Коулмэн нар хоргодох байранд байхдаа коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ.

Конгрессийн эмч Брайан Монахан хоргодох байранд орохдоо амны хаалт зүүхийг хууль тогтоогчдод зөвлөж байсан ч Бүгд Найрамдах намын зургаан төлөөлөгч эсэргүүцсэн нь камерны дүрс бичлэгт үлдсэн байна. Тэр ч байтугай амны хаалт зүүсэн бусдыгаа элэглэн шоолж байжээ.

Конгрессийн гишүүн Прамила Жаяпал амны хаалт зүүхээс татгалзаж, бусад нөхдийнхөө эрүүл мэндийг эрсдэлд оруулсан гишүүдэд хариуцлага тооцож, мөнгөн торгууль оноохыг уриалсан байна.

Харин эсэргүүцэл үзүүлсэн конгрессийн гишүүдийн нэг, Жоржиа мужаас сонгогдсон Тэйлор Гриний ажлын алба өчигдөр мэдэгдэл гаргахдаа амны хаалтгүй байсан нь халдвар тараах шалтгаан болоогүйг мэдэгджээ.

“Конгрессийн гишүүн Грин бол эрүүл хүн. Дөнгөж энэ долоо хоногт Цагаан ордонд өгсөн Covid-19 шинжилгээний хариу нь сөрөг гарсан. Эрүүл саруул Америк хүнд хүчээр амны хаалтыг хошуувч шиг зүүлгэх ёсгүй гэж тэр үздэг. Америк орон хөл хориогоо зогсоож, хэвийн амьдралд шилжих ёстой” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.

 

Эх сурвалж: The Guardian