Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Чэжү арлын казиногоос $13.4 сая алдагдсан хэрэгт малайз ажилчныг сэжиглэн шалгаж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Чэжү аралд үйл ажиллагаа явуулдаг казиногоос 14.5 тэрбум вон ($13.4 сая) бэлнээр алдагдсан хэргийг шалгаж эхэлснээ тус арлын Сёгвипо хотын цагдаагийн газар өчигдөр мэдээлжээ.

Чэжү арлын Jeju Shinhwa World амралт, аялал жуулчлалын төвд оршдог Landing Casino нь 2018 оны гуравдугаар сард нээгдсэн, зөвхөн гадаадын иргэдэд нээлттэй казино юм.

Тус казино нь Инчоны Paradise City-гийн дараа Өмнөд Солонгост хоёрт орох том казино ажээ.

Казиногийн бэлэн мөнгөний хадгалалт, хамгаалалтыг хариуцдаг малайз ажилчин мөнгө алдагдсан цаг үетэй зэрэг сураггүй болсон тул түүнийг сэжигтнээр татсан байна.

Мөнгө алдагдсан тухай шинэ жилийн амралтын дараа мэджээ.

Нийтдээ 290 кг жин татах бэлэн мөнгийг нэг дор авч явах боломжгүй тул 7-8 сарын хугацаанд цувуулж зөөсөн байж болзошгүй хэмээн мөрдөн байцаагчид нь мэдэгдсэн байна.

Алга болсон мөнгө нь казиног эзэмшигч Landing International Development компанийн мөнгө биш тул үйл ажиллагаанд нь нөлөөлөхгүй тухай өчигдөр тус компани өөрийн бүртгүүлсэн Хонг Конгийн хөрөнгийн биржэд мэдэгджээ.

 

Эх сурвалж: Korea Times