Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий дахинд Их Британи, Дани, Өмнөд Африкаас гаралтай, коронавирусийн мутацид орсон 3 хувилбар тархаад байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
https://sharij.net/u-covid-19-net-mutatsiy-kotoryie-delayut-ego-opasnee-voz

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр коронавирусийн шинэ хувилбарын тухай Эрүүл мэндийн яамны Ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээлэл өглөө.

Тэрбээр “Одоогоор коронавирусийн мутацид орсон 3 төрлийн шинэ хувилбар илэрсэн.

Хамгийн эхний хувилбар: 2020 оны есдүгээр сараас эхлэн Их Британи улсад тархсан B.1.1.7 хувилбарыг өнгөрсөн сард ДЭМБ-аас мэдээлсэн. Тус шинэ хувилбарын онцлог нь тархалтын индекс өндөр бөгөөд Sars.COV2-ийг бодоход халдварлуулах чадвар нь 70% илүү байна.

Тус хувилбараар ихэвчлэн 20-оос доош насныхан, тэр дундаа бага насны хүүхдүүд өвдөх хандлагатай байгаа юм. Түүнчлэн гүйлгэх, суулгах зэрэг ходоод, гэдэсний хямралыг үүсгэх шинж тэмдэг давамгайлж буй.

Хоёр дахь хувилбар: 2020 оны нэг, хоёрдугаар сараас Дани улсад тархаж эхэлсэн коронивирусийн мутацид орсон D614G хувилбар юм. Тухайн хувилбар нь анх тархсанаас хойш зургаан сарын хугацаанд дэлхий даяар бүртгэгджээ.

Энэхүү вирусийн халдварлуулах чадвар нь мөн өндөр байгаа нь судалгаагаар батлагдсан байна.

Гурав дахь хувилбар: ДЭМБ-аас өнгөрсөн сард Өмнөд Африкт тархаж эхэлснийг зарласан коронавирусийн мутацид орсон 501.Y.V2  хувилбар юм.

Уг хувилбар нь цаашид амьтанд халдах магадлал нь илүү өндөр гэж судлаачид үзэж буй бөгөөд одоогоор дэлхийн дөрвөн улсад бүртгэгдээд байгаа юм" хэмээн ярив.

"Коронавирус байнга жижиг, жижиг хэлбэрээр мутацид орж байгаа"

Үргэлжлүүлэн "ДЭМБ-аас коронавирус байнга жижиг, жижиг хэлбэрээр мутацид орж буй. Гэхдээ сүүлийн гурван сарын хугацаанд дээрх гурван хэлбэрийн мутацилагдсан хувилбар нь харьцангуй өндөр хэлбэртэй гэж үзэж байна. Иймд ДЭМБ-аас эрсдэлийн үнэлгээг хийжээ.

Үнэлгээгээр, вирусийн тархах чадвар өндөр учраас амьтанд халдварлах боломжтой гэж үзсэн тул цаашид онцгой анхаарч судалгаа хийх хэрэгтэй. Ингэхдээ вирусийн удам зүйн шинжилгээг маш сайн хийж, мутацилагдсан хувилбарт вакцин нөлөөлөх эсэхийг судлах шаардлагатай гэсэн байна.

Харин нийгмийн эрүүл мэндийн бусад анхаарах арга хэмжээний хувьд хүмүүсийг амьдралын шинэ хэв маягт шилжих хэрэгтэйг онцолжээ. Иймд амны хаалт байнга зүүх, хүн хоорондын зайг сайн барьж, дархлаагаа дэмжих, агааржуулалтыг сайн хийхийг зөвлөсөн байна” гэлээ.

ВИДЕО: (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/750047835607881

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.