Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Капитолын ордонд хууль бусаар нэвтэрсэн “QAnon” бөөг баривчилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт Капитолын ордонд дайран орсон ерөнхийлөгч Дональд Трампын дэмжигчдийг баривчлах ажиллагаа АНУ даяар үргэлжилж байна.

Тэдний нэг болох өвөрмөц өмсгөл, дүр төрхөөрөө дэлхий нийтийн анхаарлыг татсан этгээдийг Бямба гарагт баривчилжээ. 

Жэйк Анжели нэрээр алдаршсан Жэкоб Энтони Чэнсли нь өөрийгөө “QAnon Shaman” буюу QAnon үзэл суртлын бөө гэж нэрлэдэг байна. QAnon бол дэлхийг хамарсан Сатан шүтэгч гаж донтнуудын сүлжээ ерөнхийлөгч Дональд Трампыг зайлуулахаар ажиллаж байна гэж үздэг хуйвалдааны онол юм.

Вашингтон хотын холбооны прокурорын газрын мэдэгдэлд “Баавгайн арьсан эвэртэй малгай өмсөж, нүүрээ улаан, цагаан, цэнхэр өнгөөр будсан, бор шаргал өнгийн өмд өмссөн, цээж нүцгэн” Чэнслиг баривчилснаа мэдээлсэн байна.

Түүнийг 1.8 метр урт жаданд Америкийн далбааг зүүж явсныг мөн мэдээлжээ. Чэнслиг тусгай хамгаалалттай байгууламжид хүчээр нэвтрэн орсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн хэргээр шалгаж эхэлсэн гэнэ.

Конгрессийн төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн үг хэлдэг индрийг өргөж яваа нь гэрэл зурагт баримт болж үлдсэн этгээдийг Флорида мужаас баривчилсныг өчигдөр бас зарлажээ.

 

Уг зургийн эзэн 36 настай Адам Жонсонд засгийн газрын өмч хөрөнгийг хулгайлсан, тусгай хамгаалалттай байгууламжид хүчээр нэвтэрсэн хэрэг үүсгэсэн байна.

“QAnon Shaman” гэж алдаршсан Чэнсли үймээн самууны үеэр Венесуэлийн ард түмэнд бослого гаргахыг уриалж байжээ.

Тэрбээр сошиал сүлжээнд тарсан видео мэдэгдэлдээ “Та нар ч гэсэн улс орноо буцааж авч чадна. Та нар коммунизм болон глобалчлалыг дуусгаж чадна. Та нар чөтгөрийн хүчнээс улс орноо салгаж чадна. Та нар Венесуэл орноо буцаан авч чадна” гэж хэлсэн байна.

 

Эх сурвалж: BBC, Russia Today