Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

88 сая дагагчаа алдсан Дональд Трамп шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохгүй

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Твиттер компани АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хаягийг бүрмөсөн түдгэлзүүлэх болсноо саяхан зарлажээ. Сошиал үйлчилгээний дүрэм журмыг нь удаа дараа зөрчиж, иргэдийг хүчирхийлэлд турхирсан агуулгатай мэдээлэл цацаж байсан тул ийм хатуу арга хэмжээ авах болсноо Твиттер тайлбарласан байна.

Дональд Трамп нь олон нийттэй харилцахдаа твиттер сүлжээг ашигладгаараа алдартай ерөнхийлөгч байв. Түүний @RealDonaldTrump хаяг 88 сая орчим дагагчтай юм.

Лхагва гарагт Трампын дэмжигчид өнгөрсөн онд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүчээр өөрчлөх зорилгоор Капитолын ордон руу дайрсны улмаас таван хүн амь үрэгдээд байна. Тэдгээрийн нэг нь цагдаагийн албан хаагч байжээ.

Трамп твиттер хуудсаараа дамжуулан өөрийн дэмжигчдийг Капитолын ордон руу дайрахыг уриалсан хэмээн буруутгагдаж байгаа юм.

Хамгийн сүүлд тэр “Намайг сонгосон 75 сая эх оронч Америкчуудын хүчирхэг дуу хоолой цаашид сонсогдсоор байх болно. Тэдэнтэй хүндэтгэлгүй, шударга бусаар харьцах ёсгүй!” гэж бичсэн нь Твиттер компанийг хатуу арга хэмжээ авахад хүргэсэн бололтой.

Үүнийхээ дараа Трамп “Сонирхсон бүх хүмүүст хандаж хэлэхэд би нэгдүгээр сарын 20-ны өдөр болох тангараг өргөх ёслолд оролцохгүй” гэж мэдэгджээ.

Энэ нь түүний твиттер хуудсандаа бичсэн сүүлчийн жиргээ болсон байна.

Ингэснээрээ Трамп өмнөх ерөнхийлөгч шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцдог түүхэн уламжлалыг эвдэж байгаа юм.

Гэхдээ тэр Пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ шинэ ерөнхийлөгч Жо Байденд эрх мэдэл шилжүүлэх үйл явцад саад учруулахгүйгээ амлаж байжээ.

АНУ-ын түүхэнд хуучин ерөнхийлөгч нь шинэ ерөнхийлөгчийн тангарагийн ёслолд оролцоогүй цөөхөн тохиолдол байдаг. Тухайлбал Жон Адамс, Жон Куинси Адамс, Эндрью Жонсон нар залгамжлагчийнхаа тангараг өргөх ёслолд оролцож байгаагүй. Орчин үеийн ерөнхийлөгч нараас ганцхан Ричард Никсон шинэ ерөнхийлөгч Жеральд Фордын тангарагийн ёслолд оролцоогүй юм. Гэхдээ тухайн үед Уотергэйтийн дуулианы улмаас Никсон хугацаанаасаа өмнө огцроод байжээ.

Нэгдүгээр сарын 20-ны өдөр болох Жо Байдены тангараг өргөх ёслолд Дональд Трамп, Жимми Картер нараас бусад амьд сэрүүн байгаа АНУ-ын бүх экс ерөнхийлөгч нар оролцохоор болсон байна. 96 настай Картер эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй байгаа ажээ.

 

Эх сурвалж: The Guardian