Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Англид хоёр дахь удаагаа хөл хорионы хатуу дэглэм тогтоолоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Цар тахал эхэлсэн цагаас хойш Англид хоёр дахь удаагаа хөл хорионы хатуу дэглэм тогтоож байгааг Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр зарлалаа. Өмнө нь өнгөрсөн оны гуравдугаар сард эхний хөл хорионы дэглэмийг тогтоож байв.

Даваа гарагийн шөнө дундаас эхлэн хоёрдугаар сарын 22 хүртэл долоон долоо хоног үргэлжлэх хөл хорионы үеэр иргэдэд өдөрт нэг удаа гэрээсээ гарч дасгал хийх боломж олгож, хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад бүх худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хоригложээ. Ресторанууд зөвхөн хоол хүргэлтийн үйлчилгээ явуулах эрхтэй болж байна. Иргэд ажилдаа явахаас бусад зорилгоор гэрээсээ гарахгүй байх үүрэгтэй ба аль болох гэрээсээ ажиллахыг зөвлөж байгаа юм.

Сургуулиудын хичээлийг хоёрдугаар сарын дунд хүртэл хаахаар болсон байна.

Нэгдүгээр сарын 4-ний өдөр Английн эмнэлгүүдэд Covid-19-ийн 26,626 өвчтөн хэвтэж байсан нь долоо хоногийн өмнөхөөс 30 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Коронавирусийн цар тахлын эхний давалгааны оргил үед буюу дөрөвдүгээр сарын 12-ны өдөр энэ тоо 18,374 хүрч байв.

Нийт Их Британи даяар арванхоёрдугаар сарын 29-ний өдөр коронавирусийн халдварын 80,664 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь сарын эхнээс гурав дахин өссөн үзүүлэлт болжээ.

Одоогийн байдлаар тус улсад Covid-19 өвчний улмаас 91,453 хүн нас бараад байна. Хэрвээ байдал энэ хэвээр үргэлжилбэл энэ сарын сүүлээр 100,000-ыг давах тооцоо гаргажээ.

Зөвхөн Англид биш, Их Британийн бусад хэсгүүдэд ч хорио цээрийн дэглэмээ чангаруулсан байна. Тухайлбал Уэльст бүх сургуулиуд нэгдүгээр сарын 18 хүртэл хаагдсан бол Шотландад энэ Даваа гарагаас эхлэн нэгдүгээр сарыг дуустал хөл хорионы хатуу дэглэм тогтоожээ.

Умард Ирландын удирдагчид мөн цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн тул хатуу арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.

Урьдчилж анхааруулалгүйгээр богино хугацаанд хөл хорионы дэглэм тогтоосон гол шалтгаан нь коронавирусийн шинэ хувилбар эрчимтэй тархаж буйтай холбоотой гэж ерөнхий сайд Борис Жонсон тайлбарлажээ.

“Вирусийн өмнөх хувилбартай тэмцэхэд бидний тэмцэл үр дүнтэй байсан нь эргэлзээгүй. Гэвч одоо бид вирусийн шинэ хувилбартай болсон. Шинэ хувилбарын вирус хэрхэн хурдтай тархаж байгааг хараад үнэхээр санаа зовж байна” гэж тэр ярьсан байна.

 

Эх сурвалж: The Guardian