Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

"-70 градуст хадгалах горимтой вакциныг авах хөргүүрийн нөөц боломж манай улсад бий"

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн эсрэг вакцины талаар Шадар сайд Я.Содбаатар дараах хариултыг өглөө. 

-Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн  газраас төлөвлөгөө боловсруулсан гэсэн. Яг ямар төлөвлөгөөгөөр явж энэ шийдвэрүүдийг гаргаад байгаа юм бэ? 

-Засгийн газар, УОК-ынхон та бүхэнтэй адилхан ажиллаж, амьдардаг. Өнөөдөр Монгол Улсад цар тахал голомтолж гарч байгаа хэлбэрт байна. Энэ нь цааш хүндэрвэл алаг цоог хэлбэр буюу энд тэндээс, эх үүсвэр нь тодорхойгүй халдвар болно. Үүний дараа эрүүл мэндийн салбарт ачаалал ирээд нийтийн цар тахал болох үе гэж байна. Энэ үед Европ шиг эрүүл мэндийн салбар нь хүнээ эмчилж дийлэхээ болино. 

Хэрэв хүн амын тодорхой хувиас хэтэрвэл гэрт нь эмчилнэ. Одоохондоо Монгол Улс ийм хэмжээнд очоогүй байна. Тийм тохиолдол ирвэл хүнд, хүндэвтэр хүмүүсээ л эмнэлэгт авна. Энэ тохиолдолд нас баралт ихэснэ. 

Хэрэв байдал хүндэрвэл бид дүүргийн эмнэлгүүд дээрээ эмчилнэ. Түүний дараа гэрт нь эмчилнэ. Ийм үе шаттай төлөвлөсөн зүйл бий. Жишээ нь, онц байдал зарлавал хэдэн цагдаа, цэрэг дайчлах уу гэх мэтчилэн төлөвлөгөө Монгол Улсад, УОК-т бий. Энэ бүх төлөвлөгөөг ил гарга гэж шаардаад байгаа. Төрийн нууцтай холбоотой зүйл байдаг учраас үүнийгээ ил гаргасан нэг ч улс орон байхгүй. 

Авч байгаа арга хэмжээг би санаанаасаа зохиогоод байгаа юм биш. Маш олон үзүүлэлтийн дагуу арга хэмжээ авч байгаа. УОК шийдвэрийн 80 хувийг мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтэд тулгуурлаж гаргадаг. 

-Вакциныг хувийн компаниуд оруулж ирж болох уу. Эсвэл зөвхөн нэг шугамаар оруулж ирнэ гэдэг бодлого баримталж байгаа юу?

-Манай улс дархлаажуулалтын хуультай. Энэ хуулиар сайн дурын үндсэн дээр вакцинжуулалт хийдэг. Манай улсын вакцинжуулалтын горим, дэглэм, дэд бүтэц харьцангуй сайн улсын тоонд ордог. Хүйтэн хэлхээ 0-8 градус буюу дэлхийн хэмжээнд гараад байгаа 6-7 вакцины гурвыг нь шууд хүлээж авах боломжтой. 

Баруунд хамгийн их хэрэглэж байгаа Pfizеr, Moderna компанийн вакцинуудын нэг нь -20, нөгөө нь -70 градуст хадгалах горимтой. Манай улсад -70 градусын горимд вакцин хадгалах хөргүүрийн нөөц байгаа. Үүнийг судалж байна. 

Эхний ээлжинд вакцинд хамрагдах 10 мянган хүнийг нэр усаар нь, цаашид вакцинжуулах хүмүүсийг салбар байршлаар нь тодорхой болгохоор ажиллаж байна. 

Мөн вакцины дэд бүтцэд үнэлгээ өгч байгаа. Манай улсад байгаа вакцины хөргүүрийн хэд нь ажиллаж байна, хэдийг нь шинэчлэх вэ гэдгийг тогтооно. ХӨСҮТ, Био комбинатад байдаг вакцин хадгалах зориулалттай газруудад хэдэн вакцин хадгалах боломжтойг судалж байгаа. 

Вакцинжуулалтыг дагаад томоохон бүртгэл явагдана. Дэлхийн улс орнууд хилээр нэвтрэх хөдөлгөөнөө вакцинтай холбож явах нь. Тиймээс манай улс ч гэсэн вакцин хийлгэсэн хүмүүсийг иргэний бүртгэл, гадаад паспорттой нь уях шаардлагатай. Магадгүй 2021 оны сүүлийн хагаст вакцин хийлгэсэн хүнийг хилээр нэвтрүүлнэ гэдэг улс орнуудын шийдвэр гарах байх. Вакциныг хоёр тунгаар хийнэ. 

ДЭМБ-д хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг Монгол Улс үндэсний бүртгэлдээ бүртгэж байж хилээр оруулж ирэх эрх нь нээгдэнэ. Хувийн хэвшлүүдийг үүн дээр хамтарч ажиллах байх гэж бодож байна. Одоогоор энэ бүх бэлтгэл ажлууд хангагдаж байна.