Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Исламын улс бүлэглэл Пакистанд 11 хазара хүний амийг хөнөөснөө хүлээн зөвшөөрөв

Т.Давааням, ikon.mn
2021 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн өглөө Пакистаны Балучистан мужид тус улсын шашны цөөнх болох шийтүүдийн төлөөлөл 11 хазара хүн зэвсэгт халдлагад өртөж, амиа алдсан юм.

Удалгүй Исламын улс террорист байгууллага энэхүү халдлагыг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна.

Балучистан мужийн нийслэл Кетта хотоос зүүн өмнө зүгт 100 км зайтай нүүрсний уурхайд ажилладаг хазар ажилчдын байранд дээрх халдлага гарчээ.

Террористууд хохирогсдын гарыг хүлж, нүдийг боосны дараа бүгдийнх нь хоолойг хутгаар огтолсон байна.

“Балучистанд гэм зэмгүй 11 уурхайчны амийг хөнөөсөн эмгэнэлтэй явдал нь хүмүүнлэг бус террорист халдлагын нэг жишээ юм” гэж твиттер хуудсандаа бичсэн Пакистаны ерөнхий сайд Имран Хан хууль хүчний байгууллагадаа буруутныг олж, шударга шүүхээр шийтгэхийг даалгасан тухай мэдэгджээ.

Хазара хүн ам голлон суудаг Балучистанд сүүлийн нэг жил орчим хугацаанд ямар нэг халдлага гараагүй, нам тайван байсан юм. 

Өчигдөр Кетта хотод хазара иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Афганистан, Пакистанд хазара хүн амын эсрэг аллага байнга гардаг. Эдгээрийг Талибан, Исламын улс болон бусад исламын шашны суннит урсгалын зэвсэгт бүлэглэлүүд үйлддэг юм.

2013 онд Кетта хотод гурван удаагийн бөмбөг дэлбэрэлт болсны улмаас нийтдээ 200 гаруй хүн алагдаж байжээ.

 

Эх сурвалж: Reuters