Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өвдсөн судлаачийг Антарктид тивээс татаж авах ажиллагааг АНУ, Хятад, Австрали улсууд хамтран гүйцэтгэжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Антарктид тив дэх Австралийн эрдэм шинжилгээний станцад ажиллаж байсан судлаачийн эрүүл мэнд муудсан тул эх оронд нь яаралтай авчирч эмчлэх шаардлага гарчээ.

Ингээд түүнийг аврах таван өдрийн хүнд хэцүү ажиллагаанд АНУ, Хятад, Австралийн талууд хамтран оролцож, зул сарын баярын өмнөх өдөр гэрт нь хүргэж чадсан байна.

Өвчтөн Антарктид тивийн зүүн хэсэгт оршдог Австралийн Дэвис баазад байрлаж байжээ.

Азаар Хятадын мөс зүсэгч хөлөг онгоц Дэвис баазын ойролцоо усанд аялж яваад тааралдсан байна. Уг хөлөг Австралийн талын хүсэлтээр нисдэг тэргээ илгээж, Дэвис баазын дэргэд нисэх онгоц газардах талбай бэлдэх ажилчдыг хүргэж өгчээ.

 
Хятадын судалгааны багийн нисдэг тэрэг

Антарктидын эргээс 40 км зайтай эх газрын гүнд байрладаг Дэвис бааз ингэж нисэх онгоц буух талбайтай болсон байна. Үүний дараа Антарктид дахь АНУ-ын Маккурдо баазын цанаар тоноглосон Basler нисэх онгоц 2,200 км замыг туулж Австралийн Уилкинс нисэх буудлаас эмчийг аваад Дэвис баазад ирж газарджээ.

Уилкинс нисэх буудал нь Австрали улстай хамгийн ойр орших Антарктидын эрэгт байрладаг юм.

 
АНУ-ын баазын ашигладаг Basler нисэх онгоц

Basler нисэх онгоц Дэвис баазаас өвчтөнийг аваад буцаж Уилкинс нисэх буудалд хүргэсний дараа цааш нь Airbus A319 онгоцоор Австралийн Хобарт хотод зул сарын баярын өмнөх өдөр хүргэжээ.

Австрали улс цасан дээр буух зориулалттай бага оврын нисэх онгоцгүй тул уг ажиллагаанд олон улсын баг хамтран оролцохоос өөр аргагүй байсныг мэдээлсэн байна.

“Антарктид тивийн нөхцөл байдал олон үндэстний багийг хамтран ажиллахад хүргэлээ. Бид өвчтөнийг татаж авахад урт хугацаа зарцуулна гэж төсөөлж байсан бол бусад улсуудын тусламжтайгаар байж болох хамгийн богино хугацаанд гүйцэтгэж чадлаа” гэж Австралийн талын ахлагч Ким Эллис ярьжээ.

 

Эх сурвалж: BBC