Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын засгийн газар дархлаажуулалтын эхний 10 хоногийн дотор нэг сая тун вакцин зарцуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын засгийн газар бүх нийтийн дархлаажуулалт эхэлснээс хойш 10 хоногийн дотор иргэддээ нэг сая тун вакцин хийгээд байгааг өчигдөр зарлажээ.

Нийтдээ 9,465,725 тун вакциныг орон даяар тарааснаас Лхагва гарагийн байдлаар 1,008,025 тунг нь зарцуулсан байна.

“Түүхэн чухал тоон үзүүлэлтэд хүрснээ тэмдэглэхийн хажуугаар бидний өмнө дардан биш зам хүлээж байгааг хэлэх хэрэгтэй” гэж тус улсын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвийн захирал Роберт Рэдфилд хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.

Яг одоогоор коронавирусийн эсрэг вакцины хүрэлцээ хангалтгүй байгаа ч өдрөөс өдөрт, сараас сард нийлүүлэлт нэмэгдэхийг тэр бас амласан байна.

Pfizer/BioNTech, Moderna гэсэн хоёр компанийн бүтээсэн вакциныг АНУ даяар түгээж байгаа бол зарцуулсан эхний нэг сая тун нь зөвхөн Pfizer/BioNTech-ийнх байжээ.

Эхний ээлжинд цар тахалтай тэмцэж буй 24 сая эмч, эмнэлгийн ажилтнууд вакцинжуулалтад хамрагдах бол дараагийн ээлжинд тахлын тэргүүн эгнээнд ажиллаж буй бусад салбарын ажилчид, 75-аас дээш насны ахмадууд хамрагдах юм.

Үүнд багш, шуудангийн ажилчид, хүнсний дэлгүүрийн ажилчид зэрэг нийт 49 сая хүн багтаж байна. АНУ-ын мужуудын ихэнх нь дээрх дарааллыг дагах бол цөөн хэсэг нь цагдаагийн албан хаагчдыг эхний ээлжинд нэмж хамруулахаар болсон гэнэ,

Хэрвээ вакцины хангамж тасалдахгүй бол ирэх оны нэгдүгээр сарын сүүлээр 50 сая, гуравдугаар сарын эхээр 100 сая америк хүн дархлаажуулалтад хамрагдахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Business Insider