Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын парламент АНУ-ын сошиал платформуудыг шийтгэх хуулийн төслийг дэмжлээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Оросын парламентын доод танхим өчигдөр АНУ-ын сошиал платформуудын эсрэг авах арга хэмжээг зөвшөөрсөн хоёр хуулийн төслийг хэлэлцэж дэмжжээ.

Эхний хуулийн төсөл нь Оросын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ялгаварлан гадуурхсан Америкийн сошиал платформуудыг ОХУ-ын нутаг дэвсгэрт хэсэгчлэн болон бүрэн хаах боломжийг нээж байна.

Тухайлбал Твиттер компани энэ оны наймдугаар сараас эхлэн Оросын хэд хэдэн мэдээллийн хэрэгслийг “төрийн оролцоотой” хэмээх ангилалд оруулах болсон юм.

Ийм үйлдлийнх нь хариуд Оросын эрх баригчид Твиттер компанийн үйлчилгээг нутаг дэвсгэртээ хориглох эрх зүйн боломжтой болж байна.

Хоёр дахь хуулийн төсөл нь хориотой агуулгыг устгаагүй платформуудад их хэмжээний мөнгөн торгууль оноох боломжийг нээх юм.

Тухайлбал ОХУ-ын хуулийн дагуу хориотой ангилалд багтах агуулгыг устгаагүй бол АНУ-ын сошиал үйлчилгээний компаниудад өмнөх онд Оросын зах зээлээс олсон орлогынх нь 10-20 хувьтай тэнцэх мөнгөн торгууль оноох ажээ.

Оросын хуулийн стандартаар хориотой агуулга бүхий олон зуун материалыг YouTube, Twitter, Facebook, Instagram компаниуд платформдоо байршуулж, устгах шаардлагыг хүлээж авдаггүй талаар хууль санаачлагчид нь хэлэлцүүлгийн үеэр тайлбарласан байна.

Дээрх хоёр хуулийн төслийг парламентын дээд танхим дэмжсэний дараа ерөнхийлөгч Владимир Путин газрын үсэг зурж баталснаар хууль болж хэрэгжих юм.

 

Эх сурвалж: Reuters