Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Бяцхан зүрхэнд баяр бэлэглэе!

A.Жаргал
2020 оны 12 сарын 21
iKon.MN

“Сити Ойл” ХХК-ийн хамт олон харилцагчдадаа барьдаг шинэ жилийн талархлын бэлгээ “Бяцхан зүрхнүүд”-ийн төлөө чин сэтгэлээ зориулсан хоёр төсөлд бэлэглэхээр шийдвэрлэсэн билээ.

 

Юуны өмнө бид “УБ Сонгдо” эмнэлгийн санаачлан хэрэгжүүлж буй “Зүрх мартахгүй” төслийг зорилоо. Зүрх судасны мэс засалч Б.Болдсайхан эмчийн хэлснээр манай улсад жилд 1000 орчим хүүхэд зүрхний төрөлхийн гажигтай төрдгөөс 200-300 нь мэс засал хийлгэх зайлшгүй шаардлагатай байдаг. Цаг алдалгүй мэс засал хийснээр хүүхэд цоо эрүүл болж эдгэдэг. Гэвч өртөг өндөртэй мэс заслын төлбөрөөс болж олон хүүхэд шаналж, эндэх эрсдэл ч байна. Эдгээр хүүхдэд мэс заслыг үнэ төлбөргүй хийж, гэр бүлд үүсдэг санхүүгийн дарамтыг багасгах зорилгоор “Зүрх мартахгүй” төсөл тавдугаар сараас эхэлжээ. Сайн санаат хүмүүс, байгууллага хамт олны дэмжлэгээр энэ өдөр 80 дахь хүүхдийн мэс засал амжилттай болсон сайхан мэдээг бидэнд дуулгасан юм. Бид төслийн үйл ажиллагааг дэмжиж, нэг ч гэсэн бяцхан зүрхийг аврах хүслээр хандив өргөлөө.

 

Бидний зорьсон дараагийн газар бол “Өнөр бүл хүүхдийн төв”. Тэртээ 1974 оноос эхлэлтэй энэ өнөр айлаар өнөөг хүртэл 700 гаруй хүүхэд овоглон, суралцаж хүмүүжин, амьдралд хөл тавьжээ. Бяцхан зүрхэндээ хагацал, өнчрөлийн шаналал тээсэн хүүхдүүд энэ их өргөөнд ирж дундуур сэтгэлээ хайр, халамжаар дүүргэдэг.

 

Эрхлэгч Ч.Цэрэнбалжирын хэлснээр, өнөөдрийн байдлаар тус төвийн бага насны хүүхдүүд харьяалагддаг “Хүүхдийн өргөө-2” төвийн байранд өнчин, хөгжлийн бэрхшээлтэй болон эцэг эх нь ял эдэлж байгаа 2-11 насны 70 хүүхэд амьдарч байна. Бид хүүхэд бүрийн насны онцлогт нь тохирсон шинэ жилийн бэлэг, түүнчлэн багш ажилчдад нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч бэлэглэлээ.

Бяцхан зүрхэнд амьдрал, баяр бэлэглэсэн бэлэг бүрт манай харилцагчдын итгэл сэтгэл шингэсэн, бидний хамтын бэлэг гэдгийг онцгойлон дурьдахыг хүслээ.

Бяцхан зүрх бүр эрүүл, жаргалтай байхыг хүсье!

Шинэ оны мэнд хүргэе!