Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Шинээр томилогдсон "Рио Тинто"-ийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 12 сарын 18
iKon.MN
 
Эх сурвалж: РТ

"Рио Тинто" Жан Себастьян Жакийн оронд тус группийн Санхүү эрхэлсэн захирлын албан тушаалыг хашиж байсан Якоб Стаусхолмыг шинэ гүйцэтгэх захирлаараа томиллоо.

Тэрбээр 2018 оны есдүгээр сараас хойш "Рио Тинто"-ийн Санхүү эрхэлсэн захирлаар ажилласан нэгэн аж. Үүнээс өмнө Maersk группийн Стратеги, санхүүгийн газрын захирлаар ажиллаж байхдаа тэрбээр тус группийн стратеги, дижиталчлал, мэдээллийн технологи, хууль эрх зүй болон ерөнхий үйлчилгээний чиг үүргийг хариуцаж байжээ.

Мөн Shell компанийн Европ, Латин Америк, Ази Номхон далайн бүсийн салбаруудад 19 жил ажилласан туршлагатай ажээ. Түүнчлэн 2006-2008 онд Woodside Petroleum компанийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байжээ. 

Якоб Стаусхолм "Рио Тинто" группийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажилдаа 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс орох бөгөөд хөрөнгийн урсгалыг өндөр хэмжээнд нэмэгдүүлж, сахилга батыг сайжруулахын зэрэгцээ тогтвортой, мэдэгдэхүйц өсөлтийг бий болгох хөрөнгө оруулалтыг тэнцвэржүүлэх, богино, дунд, урт хугацаанд хувьцаа эзэмшигчдэд өндөр өгөөж хүртээхийн төлөө ажиллахыг зорьж байгаа аж. 

Тэрбээр 2018 онд Оюутолгойн уурхайд зочилж байжээ.

Эргэн сануулахад, энэ оны тавдугаар сард "Рио Тинто" Австралийн баруун бүсэд төмрийн хүдэр олборлох зорилгоор тэсэлгээ хийхдээ нутгийн уугуул абориген хүмүүсийн эртний дурсгалыг хадгалдаг агуйг сүйтгэсэн нь австраличуудын эсэргүүцэлтэй тулгарахад хүргэсэн. Учир нь Австралийн Жуканы хавцал хэмээх газарт байдаг хоёр агуйд 46,000 жилийн өмнөөс эхлэн хүн амьдарсныг батлах дурсгалууд хадгалагдаж байсан бөгөөд өдгөө тэнд амьдардаг аборигенчуудын хувьд ариун газарт тооцогддог байв.

Энэхүү үр дагаврыг тооцоолоогүй шалтгаанаар тус групп Жан Себастьян Жакт хариуцлага тооцож, түүнийг явуулахаар болсноо "Рио Тинто" есдүгээр сард мэдээлсэн юм.