Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын улс төрчид Казахстаны газар нутгийн асуудлыг хөндөж эхлэв

Т.Давааням, ikon.mn
2020 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын зарим улс төрчид Казахстан улсын газар нутаг, тусгаар тогтнолын асуудлыг хөндөж эхэлсэн нь казахуудын санааг зовоож, бухимдуулж байна.

Арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс хойш Оросын төрийн Думын хоёр ч гишүүн одоогийн Казахстаны газар нутгийг Зөвлөлт Холбоот Улсын өгсөн “бэлэг” хэмээн ярьсан юм.

2014 онд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “казахууд өмнө нь хэзээ ч төр улстай байгаагүй” гэсэн утгатай зүйл ярьж, шуугиан дэгдээж байв.

Энэ сарын 10-ны өдөр Думын боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Вячеслав Никонов төв телевизийн сувгаар цацагдсан “Большая Игра” хөтөлбөрт оролцохдоо Зөвлөлт Холбоот Улсыг задалсан 1991 оны Беловежийн гэрээний талаар ярьжээ.

Энэ үеэр Никонов 1917 онд Зөвлөлт улсыг байгуулагдаж байхад Казахстан гэж улс байгаагүй, хойд хэсэг нь хүн амьдардаггүй эзгүй газар байсан гэж ярьсан байна.

Эндээс урагшаа сунасан уудам газар нутгийг Зөвлөлтийн удирдагчид бэлэг болгон казахуудад өгсөн гэжээ.

Маргааш нь Оросын Эх оронч хөдөлгөөний нэг гишүүн Москва дахь Казахстаны элчин сайдын яамны хаалган дээр “Умард Казахстан бол Оросын газар нутаг” гэсэн бичиг өлгөсөн байна.

Сүүлд Никонов өөрийн сошиал хуудсанд “Казахууд Зөвлөлтийн үед тогтоосон хилээ хэвээр хадгалах сонирхолтой байдаг гэдэгт би итгэлтэй байна. Энэ боломжийг ашиглаад би Казахстаны ахан дүүстэйгээ найрсаг харилцаатай явдгаа илэрхийлье” гэж бичжээ.

Гэхдээ асуудал ингээд дууссангүй.

Арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Думын өөр нэг гишүүн Евгений Федоров YouTube-ийн БЕЛРУСИНФО хөтөлбөрт оролцохдоо уг асуудлыг дахин хөнджээ.

Тэрбээр Казахтсаны газар нутаг бол Оросын өгсөн “том бэлэг” гэж яриад Никоновтой бүрэн санал нэг байгаагаа мэдэгдсэн юм.

Ингэхдээ тэр бас бэлэг өгсөнд талархалтай ханддаггүй гэж Казахстаны эрх баригчдыг шүүмжилжээ. Тухайлбал Никоновын байр суурийг эсэргүүцсэн Казахстаны гадаад хэргийн яамны мэдэгдлийг тэр энэ үеэр дурдсан байна.

12-ны өдөр Казахстаны гадаад хэргийн сайд Марат Сыздыков тус улс дахь Оросын хэргийг түр хамаарагч Александр Комаровтой уулзаж, Никоновын байр суурийн талаар эсэргүүцэл илэрхийлсэн юм.

Казахстаны парламентын доод танхимын гишүүн Бахытбек Смагуль фэйсбүүк хуудсандаа Никоновын байр суурийг шүүмжлээд “Дэлхийн хамгийн том улсыг дүүргэх хангалттай хүн ам Орост байхгүй. 2010 оны ОХУ-ын статистикийн хорооны тоо баримтаас харвал 8,500 орчим тосгон газрын зурагнаас арчигдаж, 19,000 суурин хоосроод байна” гэж бичжээ.

Казахстан улс орших ёстой эсэх талаар Оросын улс төрчид эртнээс үзэл бодлоо илэрхийлсээр ирсэн түүхтэй. Тухайлбал үндсэрхэг үзэлтэй улс төрч Владимир Жириновский Казахстаныг Орост нэгтгэх ёстой гэж ярьдаг. Казахстаны нутаг дахь гулагт хоригдож байсан Нобелийн шагналт зохиолч Александр Солженицын бас тус улсын тусгаар тогтнолд эргэлзэж явдгаа илэрхийлж байжээ.

Казахстаны умард хэсэгт салан тусгаарлах хөдөлгөөн өрнүүлсэн хэргээр зохиолч Эдуард Лимонов 2001 онд Оросын шоронд хоригдох ял сонсож байв.

Өөр нэг салан тусгаарлах үзэлтэн Виктор Казимирчукыг 2000 оны зургаадугаар сард Казахстаны эрх баригчид баривчилж, 18 жилийн хорих ял оноож байжээ. Гэхдээ тэр 2006 онд суллагдсаныхаа дараа ОХУ-д шилжин суурьшсан байна.

Хэдийгээр ОХУ-ын засгийн газар Казахстан улсыг өөрийн найдвартай холбоотон, тусгаар тогтносон улс гэсэн албан ёсоор үздэг ч Никонов, Федоров шиг хүмүүсийн үзэл бодол казахуудын санааг зовоосоор байгаа. ОХУ 2014 онд Крымийг Украинаас салгаж, өөртөө нэгтгэсний дараа энэ айдас түгшүүр улам нэмэгдсэн юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe