Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгос ОХУ-ын Спутник V вакциныг худалдаж авсан тухай мэдээлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын эрдэмтдийн бүтээсэн Спутник V вакциныг Умард Солонгосын засгийн газар худалдаж авсныг Японы Асахи сонин өнөөдөр мэдээлжээ.

Үүнээс гадна Хятад улсаас биеийн халуун хэмжигч төхөөрөмжүүд худалдаж авсан байна. Японы хэвлэл дээрх мэдээллийг Өмнөд Солонгосын тагнуулын эх сурвалж, Умард Солонгостой харилцдаг Хятадын бизнесийн хүрээнийхнээс олж авсан гэнэ.

Хэр хэмжээний вакциныг ямар үнэ өртгөөр авсан нь тодорхойгүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр эрх баригч Хөдөлмөрийн Намын зарим гишүүд вакцинжуулалтад хамрагдсан ажээ.

Харин удирдагч Ким Жон Ун вакцин хийлгэсэн тухай мэдээлэл олдоогүй гэнэ.

Аюулгүй байдлыг нь олон хүн хамруулж баталгаажуулсны дараа удирдагч вакцин хийлгэх нь тодорхой гэж эх сурвалжууд үзэж байна.

Биеийн халуун хэмжигч төхөөрөмжүүдийг Умард Солонгос, Хятадын хил дээр байрлуулж, хоёр улсын эдийн засгийн харилцааг аажмаар сэргээх зорилт тавьж байгаа гэнэ.

Умард Солонгосын эрх баригчид одоогоор коронавирусийн халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад мэдээлж байгаа.

Гэхдээ тус улс энэ оны нэгдүгээр сараас хойш хилээ хааж, хорио цээрийн хатуу дэглэм хэрэгжүүлж буй гэсэн мэдээлэл бий.

 

Эх сурвалж: Asahi Shimbun