Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

"МИАТ компани том оврын онгоцоор ачаа тээврийн захиалгат нислэг үйлдэж байгаа тул иргэдээ жижиг онгоцоор татан авна"

Н.Урантулга, iKon.mn
2020 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УОК-н даргаас өгсөн чиглэлийн дагуу арванхоёрдугаар сард гурван удаагийн тусгай үүргийн нислэг хийхээр болсон. Гэсэн ч иргэдээс ирсэн хүсэлт болон бусад нөхцөл айдлаас шалтгаалан Франкфурт хот руу нэмэлт нэг нислэг хийхээр болсныг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэллээ.

Мөн тэрбээр "Арваннэгдүгээр сард Франкфурт руу 250 хүний суудалтай том онгоцоор нислэг үйлдэхээр төлөвлөж байсан. Арванхоёрдугаар сард мөн тусгай зориулалтын ачааны нислэгтэй байгаа. Тиймээс иргэдийг чирэгдүүлэхгүйн тулд арванхоёрдугаар сарын 16-ны нислэг дээр нэмээд 17-нд дахин жижиг онгоцоор нислэг хийхээр болсон. Дөрвөн удаагийн нислэгээр 720 гаруй хүн эх орондоо ирнэ.

Гадаадын 17 улсад байгаа 100 орчим иргэн санхүүгийн хүнд байдалд ороод байгаагаа мэдэгдсэн бөгөөд арванхоёрдугаар сард хийгдэх нислэгүүдээр 11 улсаас ирэх 48 иргэний тийзийг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас гаргахаар болсон. Мөн тусгаарлалтын зардлыг Иргэдэд туслах сангаас гаргах зохицуулалт хийгээд байна.

Агаарын замаар иргэдээ татан авах ажлыг цаашдаа тасралтгүй үргэлжлүүлнэ

Агаарын замаар иргэдээ татан авах ажлыг цаашдаа тасралтгүй үргэлжлүүлэн хийнэ. ГХЯ иргэдээс хүлээн авсан өргөдөл, санал хүсэлтийг УОК-т байнга уламжилж байгаа.

Иргэдийг татан авахаас гадна гадаад улс руу явах урт хугацааны болон хөдөлмөр эрхлэх визтэй иргэдэд тусгай үүргийн нислэгээр явах боломжоор хангаж байгаа. Японд ажиллах, суралцах визтэй 1,200 гаруй иргэн байгаа бөгөөд аравдугаар сарын 1-нээс хойш тэдгээр иргэдийн Токио руу хүргэж буй. Энэ хүрээнд арванхоёрдугаар сарын 19, 20-нд нислэг үйлдэхээр болсон. 20-ны нислэгээр АНУ, Австралиас дамжин ирэх иргэдийг татан авахаар төлөвлөж байна.

БНСУ-аар дамжин гуравдагч улс руу зорчих иргэдийн өргөдөл, хүсэлт ГХЯ-нд ирж байгааг үндэслэн арванхоёрдугаар сарын 25-нд хийх  нислэгээр гуравдагч орон руу дамжин нисэх хүсэлтэй иргэдийн асуудлыг шийдвэрлэхээр БНСУ-ын талтай дипломат шугамаар зөвлөлдөж байна" хэмээв.

Үргэлжлүүлэн тэрбээр сэтгүүлчийн асуултад хариулав.

- Арваннэгдүгээр сард Франкфурт чиглэлд 250 хүний суудалтай том онгоцоор нислэг үйлдэхээр төлөвлөж байсан байна. Одоо хийгдэх нислэгүүдийг яагаад жижиг онгоцоор хийж байгааг тайлбарлаж өгнө үү?

- Арваннэгдүгээр сард Франкфурт чиглэлд 258 хүний суудалтай онгоцоор нислэг үйлдэхээр төлөвлөж, 250 гаруй хүн суудлаа баталгаажуулаад байсан ч үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хойшлуулсан. Ингээд арванхоёрдугаар сарын 10-нд нислэг хийх хуваарь гарсан. Гэвч МИАТ компани том оврын онгоцоороо арванхоёрдугаар сарын 23-н хүртэл ачаа тээврийн захиалгат нислэг үйлдэх хатуу гэрээтэй ажиллаж байгаа. Иргэд арваннэгдүгээр сараас хойш хүлээж байгаа учраас арванхоёрдугаар сарын 16, 17-нд татан авах шийдвэр гаргасан.

МИАТ компанийн хувьд суудал нь баталгаажсан байсан иргэдээс ямар нэгэн зөрүү төлбөр авалгүй эх оронд нь авчирна гэдгээ бидэнд мэдэгдсэн.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1817506381721976