Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Цуврал аллага үйлдэгчийн нууц захиаг мэргэжилтнүүд хагас зууны дараа тайлж уншжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Код тайлагч мэргэжилтнүүд одоогоос 51 жилийн өмнө Zodiac Killer нэрээр алдаршсан цуврал аллагын эзний Сан Франциско Хроникл сонинд ирүүлсэн 340 үсэгтэй захидлыг тайлж уншиж чаджээ.

Zodiac Killer нь 1960-аад оны үед Сан Францискогийн орчимд таван хүний амийг хөнөөсөн гэгддэг бөгөөд цагдаа нар түүнийг илрүүлж чадаагүй юм.

Аллагынхаа үеэр тэр сонин хэвлэлүүдэд хэд хэдэн захиа бичиж байсан бөгөөд зарим нь тусгай аргаар кодлогдсон байжээ. Өнөөдөр тайлж уншсан захиа нь кодлогдсон захиануудын зөвхөн нэг нь юм.

Захиаг тайлж уншихад АНУ, Бельги, Австралийн гурван мэргэжилтэн хамтран ажиллажээ.

“Намайг олж илрүүлэх ажил тань тун хөгжилтэй байгаа гэдэгт найдаж байна. Би хорт хийтэй камерт (цаазлах арга) орохоос огт айхгүй байна. Учир нь би диваажинд очих юм. Диваажинд надад үйлчлэх хангалттай олон боолтой ч болсон” гэж уг захианд бичсэн байна.

Гэхдээ алуурчин хэн болох талаар ямар ч сэжүүр үлдээгээгүй байжээ.

Захиаг тайлж уншсан Виржиниа мужийн вэб дизайнер Дэвид Оранчак, Австралийн хэрэглээний математикч Сэм Блэйк, Бельгийн программист Ярл Ван Эйк нар яаж ажилласан тухай видео танилцуулгыг YouTube сүлжээнд байрлуулсан байна.

АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо тэдний амжилтыг батлаад алуурчныг олж, шударга ёсыг тогтоох ажлаа үргэлжлүүлж байгааг мэдэгджээ.

1968 оны сүүлээр нэг эрэгтэй, нэг эмэгтэй автомашиндаа буудуулж алагдсанаар Zodiac Killer-ийн аллага эхэлж байв. Тэрбээр нийт 37 хүний амийг хөнөөснөө сонинд ирүүлсэн захиандаа өгүүлж байсан ч цагдаа нар тавыг нь л түүнтэй холбоотойг тогтоожээ.

Энэхүү цуврал аллагын түүхээр хоёр уран сайхны кино бүтээсэн байдаг. Нэг нь Роберт Дауни Жр, Жэйк Жилленхол нарын тоглосон 2007 оны “Zodiac”, нөгөө нь Клинт Иствүүдийн тоглосон 1971 оны “Dirty Harry” юм.

 

Эх сурвалж: BBC