Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын хувийн өмгөөлөгч Руди Жулиани коронавирусийн халдвар авсныг зарлажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн хувийн өмгөөлөгч Руди Жулианиг коронавирусийн халдвар авсан тухай твиттер хуудсандаа саяхан зарлажээ.

Нью Йорк хотын захирагч асан 76 настай Жулиани нь саяхан болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд луйвар орсныг батлан харуулж, Трампыг ялуулахын төлөө шүүх дээр тэмцэж байсан гол хүн юм. Гэхдээ Трамп, Жулиани нарын тэмцэл талаар болж, өрсөлдөгч Жо Байден сонгуульд ялсан нь тодорхой болоод байна.

“Нью Йорк хотын түүхэнд төрсөн хамгийн шилдэг захирагч, АНУ-ын түүхэнд гарсан хамгийн луйвартай сонгуулийг илчлэхийн төлөө цөхрөлтгүй тэмцэж байсан Руди Жулиани хятад вирусийн халдвар авсан нь тогтоогдлоо” гэж Дональд Трамп твиттер хуудсандаа мэдээлжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр Жулиани өчигдөр буюу Ням гарагт нийслэл Вашингтон дахь Жоржтауны Их сургуулийн эмнэлэгт хэвтсэн байна.

Коронавирусийн цар тахлын аюулыг үл ойшоодог Дональд Трампын ойрын хүрээллийн олон хүн Covid-19 өвчний халдвар авсны сүүлийнх нь Руди Жулиани болжээ. Сүүлийн хоёр сарын хугацаанд ерөнхийлөгч Трамп өөрөө болон тэргүүн хатагтай Меланиа, бага хүү Бэррон, ууган хүү “бага” Трамп нар коронавирусийн халдвар аваад эдгэрсэн юм. Эдгээрээс гадна Цагаан ордны албан хаагчид, Трампын засгийн газрын өндөр албан тушаалтнууд халдвар авч байв.

Өнгөрсөн Баасан гарагт АНУ даяар 229,000 гаруй хүн коронавирусийн халдвар авсан нь цар тахал эхэлсэн цагаас хойш нэг өдрийн дотор хамгийн олноор бүртгэгдсэн тохиолдол юм.

Сүүлийн байдлаар АНУ-д нийтдээ 14.8 сая хүн халдвар авч, 282,000 хүн нас барсан нь дэлхийн бүх улс орнуудын дотор хамгийн муу үзүүлэлт болж байна.

 

Эх сурвалж: Reuters