Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас хоёр хүүхдийн амь нас хохирчээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ долоо хоногт зам тээврийн ослын шинжтэй 473 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтсэн бол нийслэлд 1, орон нутагт 4 хүний амь нас хохирсны 2 нь хүүхэд  байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –4
  • Онхолдох хэлбэрээр-2
  • Мөргөлдөх хэлбэрээр-3 тус тус бүртгэгджээ.

Хүний амь нас хохирсон ослуудыг сэрэмжлүүлэх зорилгоор дурдвал:

  • Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, 17, 19 настай хоёр хүний амь нас хохирчээ.
  • Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг  /сумын төвд/ шороон замд Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь нас хохирсон.
  • ХУД-ийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн хашаанд Daewoo bus маркийн автобусанд засвар үйлчилгээ хийж байсан гэх 25 настай, эрэгтэй автобусанд дайрагдаж амь нас нь хохирсон байна.
  • Өчигдөр Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт шороон замд  Toyota Prius маркийн жолоочтой автомашин нь явган зорчигч, 4 настай хүүхдийг мөргөсний улмаас амь нас нь хохирсон харамсалтай ослууд гарчээ.

Нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 жолооч, орон нутагт 15 жолоочийг тус тус илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 9 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчих ёстой. 

Гэтэл хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөнд хохирол учруулах явдал гарсаар байна. 

Иймд  замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн дугуйгаар солих, хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.