Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Чинбүрэн: Монгол Улс коронавирусийн эсрэг хоёр гурван төрлийн вакцинтай, үүнээс иргэн сонгох боломжийг бүрдүүлж өгөх нь зөв

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн санг цаг алдалгүй байгуулах нь зүйтэй. Энэ санд 400 орчим тэрбум төгрөгийн чөлөөт үлдэгдэл байгаа. Дэлхийн банкны гэдэг юм уу 50 сая доллар хүлээгээд сууж болохгүй. 

2020 оны улсын төсөвт вакцин худалдаж авах 30 орчим тэрбум суусан. Хамгийн сүүлд авсан мэдээллээр аюултай голомтод 20 мянга орчим төрийн алба хаагч ажиллаж байгаа.

Эдгээр алба хаагчдыг юун түрүүнд вакцинд хамруулах боломжийг төрөөс хангаж өгөх нь зүйтэй. Энэ үүднээс Англи, Францын Элчин сайдтай видео хурал хийж, асуудлыг шийдэх нь зөв.

Тэргүүн ээлжид эрсдэлийн голомтод ажиллаж байгаа алба хаагчид, ахмад настнаа цаг алдалгүйгээр вакцинжуулах зайлшгүй шаардлагатай. Хямрал өөрөө боломж гэдэг нь үнэн. Монголын төрөөс иргэддээ үзүүлдэг 800 орчим үйлчилгээ байдаг. Эдгээр үйлчилгээг эхнээс нь иргэдэд цахимаар үзүүлж байна" гэв. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Түр хорооны тогтоолыг дэмжиж байна. Энэ халдвар вирусийн эсвэл өвчний тухай асуудал биш болоод байна. Ядууралд орохоос сэргийлсэн арга хэмжээг шуурхай эхлүүлэх хэрэгтэй. Маск бол хамгаалалтын том зэвсэг. Бусад хэсгүүд дээр маск зүүж эдийн засгийн үйл ажиллагааг шуурхай явуулах нь зүйтэй.

Вакцины хувьд нэгхэн сонголт байж болохгүй. Монгол Улс хоёр гурван төрлийн вакцинтай, үүнээс иргэн сонгох боломжийг бүрдүүлж өгөх нь зөв. Маск зүүсэн халдвартай хоёр хүн 15 минутаас дээш зэрэгцэж суухад халдвар тархаагүй байгаа нь маскны үр ашгийг харуулж байна" гэлээ.