Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн бэрхшээлтэй ч хөдөлмөрлөх хүсэлтэй - ЦУВРАЛ 3

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 3
Сурталчилгаа

Өнөөдөр “Хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”. Монгол Улсад 105’000 гаруй хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэд байдаг гэх тоо бий. Жил бүрийн энэ өдөр л бид ухаан сэхээ орж, хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийнхээ тухай мэдээ нийтлэл гаргаад өнгөрдөг нь харамсалтай. Холбогдох харьяа яамны зүгээс байгууллага, аж ахуй нэгжүүдийг хамтран ажиллаж, дэмжихийг хүсдэг боловч тэр бүр байгууллагууд хүсэлтийг хүлээн авч, ажлын байр, тогтмол цалин олгох нь ховор. Угтаа үүнийг хуулиар зохицуулсан заалт бий.  

Мобиком Корпораци ХХК нь Нийгмийн хариуцлагын бодлого чиглэлдээ нэмэлт өөрчлөлт оруулан, 2019-2020 оныг “Хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих жил” болгон зарлаж, энэ хүрээнд нэг биш нэлээдгүй ажлыг шат дараатайгаар зохион байгуулж, бодит ажил хэрэг болгон ажиллаж байгаа хамт олон юм.

Тэд эхний ээлжид гэрээсээ бүтээгдэхүүн үйлчилгээ танилцуулах, хэрэглэгчдээс ирж буй лавлагаанд хариу мэдээлэл өгөх үүрэг бүхий “Virtual Agent” гэх цоо шинэ ажлын байрыг бий болгож, энэ хүрээнд нэн тэргүүнд дотоод ажилтнуудаа сургалтад хамруулж, хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах, мөн гэрээсээ ажиллах нь боломжтой эсэхийг туршиж, судалсны үндсэн дээр хөдөлмөрийн бэрхшээлтэй зургаан иргэнийг байнгын ажлын байраар хангаж чаджээ.

Virtual Agent ажлын байрыг сонирхож буй бол ЭНД дарж мэдээлэлтэй танилцана уу. 

Удаах ажил нь, Улаанбаатар хот болон орон нутгийн салбаруудаа хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, үйлчлүүлэхэд саадгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлэн, дотоод засвар тохижилт, гадаад зам талбайн засвар, чиглүүлгийн ажлуудыг шинэчлэн хийжээ.

Харин уг ажлын дараагийн хэсэг нь сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд харилцаа холбооны үйлчилгээг хүргэх, танилцуулах, лавлагаа мэдээллийг олгох зорилгоор дохионы хэлмэрч Б.Лхагвачулууныг хамт олныхоо нэгээр сонгон, ажиллуулж эхэлжээ.

Танилц. Мобиком Корпорацийн Борлуулалт Үйлчилгээний ажилтан Б.Лхагвачулуун.

 

Хөвсгөл аймагт аж төрж, гал голомтоо бадраасан эгэл жирийн гэр бүл энэ хорвоод үрийн зулай үнэрлэж, өрх гэртээ нярайн дуу хадаах тэр л өдрөө хоног тоолон хүлээн сууна. Хүсэн хүлээсэн өдөр нь ч ирж Бямбаагийнх гэх айл ууган охин Лхагвачулуунаа өлгийдөн авчээ. Гэтэл анхны үр нь төрөх явцад үүссэн хүндрэлээс шалтгаалж сонсголгүй болсон аж. Тэр л цагаас эхлэн ууган үрийнхээ төлөө эрхэлж байсан ажил, мал ахуй буй бүхнээ орхин, Хөвсгөлөөс хотыг зорьж, эмчилгээ, сургалт, цэцэрлэг, сургууль гээд охиндоо хэрэгтэй бүхнийг судалж, хамруулж, энэ орчлонд энгийн биш хувь тавилангаар ирсэн охин үрээ хүний дайтай хүн болгон өсгөжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд үр хүүхдээ энэ нийгэмд хөл тавиулж, нийгмийн харилцаанд оролцуулна гэдэг нь тэднээс агуу их тэвчээр, уйгагүй хичээл зүтгэл шаардагддаг. Охиноо Ерөнхий боловсролын сургуульд суралцуулж, МУБИС-д Зураг төсөл, хөдөлмөрийн багш мэргэжлээр суралцуулж, охин нь “Сурган хүмүүжүүлэх ухаан” сэдвээр дипломоо амжилттай хамгаалсан гээд энэ бүхэнд гэр бүлийн гишүүд нь бүгд тусалж, хамт суралцсаар ирсэн.

Гэр бүлийнхнийхээ уйгагүй хичээл зүтгэл, дэмжлэг, итгэл энэ бүхнээс өдөр бүр урам зориг авч, юунд ч шантрахааргүй хүчтэй, тэмүүлэлтэй, том мөрөөдөлтэй нэгэн болж хүмүүжсэн Б.Лхагвачулуун бүсгүйн хамгийн том мөрөөдөл нь өөрийн гэсэн цэцэрлэг байгуулж, түүндээ багшлах.

29-р тусгай дунд сургуульд багшаар ажилладаг түүний нөхөр, сургууль цэцэрлэгийн насны хоёр хөөрхөн үрийн хамтаар амьдардаг түүний хувьд цэцэрлэгийн багшаар ажиллах туйлын хүсэлтэй. Гэсэн хэдий ч тусгай сургалттай цэцэрлэг, сургууль түүнийг авч ажиллуулах боломжгүй гэсэн харамсалтай хариу өгчээ. Харин одоо тэрээр өөр зорилго өмнөө тавин, шинэхэн ажилдаа ханцуй шамлан орж, амьдралын номдоо нэгэн шинэ  бүлгийг нээж, түүнийгээ эхлүүлээд байна. Урьд өмнө тэрээр монголын нэгэн хувцас загварын брэндэд туслах оёдолчноор ажиллаж байжээ. Харин одоо өөртэйгөө ижил сонсголын бэрхшээлтэй хүмүүст харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээг таниулах “гүүр” нь болохоор шийдсэн юм.

 

Борлуулалт үйлчилгээний ажилтан нь аливаа нэгэн байгууллагын нүүр царай, хэрэглэгчдэд үйлчлэх тэргүүн эгнээнийхэн байдаг. Байгууллагынхаа бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд танилцуулж, үйлчилгээ үзүүлнэ гэдэг нь хэрэглэгчдийн хувьд тухайн компанийг үнэлэх үнэлэмж, үйлчилгээ авах эсэхээ шийдэх гол шалтгаан нь болж өгдөг. Тийм ч учраас хамгийн өндөр шаардлага, олон шатлалт шалгууруудаар сонгон авдаг. Тэгвэл Ш.Лхагвачулуун тэрхүү нарийн шалгууруудыг бүгдийг нь амжилттай давж, өнөөдөр өөрийн ажлын үнэмлэхийг зүүж, ажлын байран дээрээ итгэл төгс инээмсэглэнхэн сууж байна.

Тэрээр хэлэхдээ “...Монгол Улсад 8700 гаруй сонсголын бэрхшээлтэй иргэд байдаг. Бидний хувьд монгол хэл хоёр дахь хэл, харин дохионы хэл бол төрөлх хэл маань юм. Хэрэвзээ Ерөнхий боловсрол, цаашлаад их дээд сургууль, мэргэжил олгох сургалт зэрэг дараагийн шатны сургалтад хамрагдаж чадаагүй бол хоёр дахь хэл болсон монгол хэлээр илэрхийлэгдэх зарим зүйлсийг дутуу дулимагхан ойлгодог. Тиймээс эцэг эх, дүү нар, гэр бүлийнхнийхээ энэ их тусламж, дэмжлэгийн хүчинд олж авсан мэдлэг чадвараа ашиглан, өөртэйгөө ижилхэн сонсголын бэрхшээлтэй хүмүүст зөв ойлголт мэдээллийг хүргэхийг хүсэж байна. Сонсголын бэрхшээлтэй хүмүүст харилцаа холбооны үйлчилгээ хамгийн чухал. Яагаад гэвэл хүн бүр дохионы хэлээр харилцаж чадахгүй, бас бүх төрлийн үйлчилгээ авах болон үйлчилгээ үзүүлэгчид дохионы хэлээр мэдээлэл хүргэдэггүй. Тухайлбал, яаралтай түргэн тусламжийн утасны үйлчилгээнүүдийг сонсголын бэрхшээлтэй хүмүүс огт ашиглаж чаддаггүй. Тийм учраас мэдээлэл харилцаа холбоо гэдэг бидэнд маш чухал.” гэсэн юм.

Аав ээж, дүү нар, гэр бүлийнхнийхээ хязгааргүй их халамж анхаарал дунд өссөн Лхагвачулуун Солонгост хоёр жил сурч байжээ. Тэнд байх хугацаандаа дотносож нөхөрлөсөн найзууд, багш нараа маш их үгүйлдэг тухайгаа ч хуучилсан юм. Учир юу гэвэл сургуулийн багш нар нь сурагч нэг бүрдээ хичээл заах, заасан зүйлээ бүрэн ойлгож чадсан эсэхийг нь байнга лавлаж, сургах чин хүсэл эрмэлзэлтэй байдаг бөгөөд найз нөхдийнх нь хандлага ч түүнд туслах сэтгэлтэй, үүгээр ч зогсохгүй тухайн улсын дэд бүтэц, жирийн хүмүүсийнх нь хандлага харилцаа, үйлчилгээ гээд маш олон зүйл нь таатай, дурсамж дүүрэн аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй улс орон, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ялгаварладаггүй харилцаа хандлага... Б.Лхагвачулуун энэ эерэг таатай бүхнийг эх орондоо байхдаа өдөр бүр мэдрэхийг хүсдэг нь түүний бас нэгэн том мөрөөдөл.

Манай орны нөхцөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ганцаараа бие даан сургуульд сурч боловсрох, гудамжаар явах, нийтийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлэх, машин жолоодох, мэргэжил эзэмших гээд алхам бүрд нь, өдөр тутмын бүхий л зүйлд асуудал, хүндрэл тохиолддог. Лхагвачулууны хувьд амжилттай сурч боловсроход нөлөөлсөн гол хүчин зүйл нь түүний гэр бүл. Дүү нь түүнтэй хамт сургуульд сурч, эгчдээ тайлбарлаж, хамтдаа дүрслэх урлагийн мэргэжил ч эзэмшиж, хамт жолооны дамжаанд суралцаж, Мобикомын Борлуулалт үйлчилгээний сургалтад хүртэл дүү нь хамтдаа сууж, эгчийгээ бэлтгэсэн гээд гэр бүлийнхнийх нь хүчин чармайлт тун их.

 

Ийнхүү эгчдээ, охиндоо, бэрдээ, ханьдаа, ээждээ амьдралын номынх нь шинэ хуудсыг амжилттай эхлүүлэлцсэн түүний гэр бүл, хань ижил, хадам аав ээж, үлэмж тус дэм болсон хүн бүхэнд баяр хүргэе. Та бүхэндээ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийн мэнд хүргэе.

Ташрамд, Б.Лхагвачулуун маань Мобикомын Теди төв салбарт ажиллаж буй бөгөөд хэрэв та болон таны эргэн тойронд түүнээс харилцаа холбооны үйлчилгээ авах хэрэгцээтэй хүмүүс байгаа бол хөл хорио тавигдаж, бүх зүйл эргээд хэвийн горимдоо шилжмэгц түүнийг зорьж очихыг зөвлөөрэй. Түүнчлэн Теди салбарт очих боломжгүй, орон нутагт оршин суудаг зэрэг ямар ч тохиолдолд Мобикомын аль ч салбарт хандахад, Б.Лхагвачулуунтай видео дуудлагаар холбон үйлчилгээ үзүүлэх юм байна.

Хөгжлийн бэрхшээлтэй ч хөдөлмөрлөх туйлын хүсэлтэй хүмүүсээ дэмжицгээе ажил олгогчид оо!  

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.