Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Саруул: Засгийн газар хувийн цэцэрлэг, сургуулиудын хувьсах зардлыг олгох албан бичиг гаргах шаардлагатай байна

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсад коронавирусийн халдвар дотоодод тархсантай холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, ихэнх салбарын үйл ажиллагаа хязгаарлалтад орж, хүнд цаг үеийг туулж байна.

Үүнээс үүдэн их, дээд сургууль, ЕБС болон цэцэрлэгүүдийн танхимын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотойгоор хувийн сургууль, цэцэрлэгийн хувьсах зардалтай холбоотой асуудал гараад буй. Тухайлбал, Ховд аймаг дахь хувийн цэцэрлэгүүдийн арваннэгдүгээр сарын хувьсах зардлын санхүүжилтэд асуудал гарсан талаар тус аймгаас манай редакцад холбогдсон юм. 

Ховд аймаг хувийн цэцэрлэгүүдийн үүсгэн байгуулагчдын холбооны тэргүүн Ж.Саруул хэлэхдээ “Ховд аймаг есөн хувийн цэцэрлэгтэй ба 700 гаруй хүүхдэд СӨБ-ын үйл ажиллагааг хүргэдэг, 70 орчим багш ажилтантай. Ихэнх ажилтнуудын гэр бүл нэг орлогын эх үүсвэртэй буюу гэр бүлийнх нь бусад гишүүн ажилгүй хүмүүс байдаг тул зөвхөн тус салбарын багш нар гэр бүлийнхээ орлогын эх үүсвэрийг бүрдүүлж ирсэн. Холбооны гишүүн цэцэрлэгүүд цаг үеийн нөхцөл байдалд тохируулан дор бүрнээ цахим сургалтын үйл ажиллагаанд цаг алдалгүй шилжиж, багш нар зайн сургалтыг гэрээсээ зохион байгуулж, хүүхдүүддээ эрүүл ахуйн талаар зөвлөгөө өгөх ажлуудыг цахим болон бусад хэлбэрээр шат дараатай явуулж байна. Гэтэл аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс аймгийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн багш нарын цалинг бүрэн олгосон мөртлөө хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн арваннэгдүгээр сарын хувьсах зардлыг яамнаас ирсэн албан бичгийн дагуу хасаж олгоно гэж мэдэгдсэн. Гэтэл энэхүү албан бичиг нь төрийн өмчийн цэцэрлэгийн хоолны мөнгө, сургуулийн үдийн цайны зардлыг олгохыг зогсоох тухай агуулгатай байсан.

Үүнтэй холбоотойгоор бид аймгийнхаа Засаг даргад хүсэлт хүргүүлээд байх үед буюу хэд хоногийн өмнө БШУЯ-наас хувийн цэцэрлэг, сургуулиудын хувьсах зардлыг бүрэн олго гэсэн сайдын баталсан албан бичиг ирлээ. Албан бичгийн дагуу Ховд аймгийн Боловсролын газрын санхүү хариуцсан мэргэжилтэнд уламжлан үлдэгдэл санхүүжилтээ бүрэн авъя гэтэл сайдын энэ албан бичиг Төсвийн тухай хуулиа зөрчиж байгаа. Засгийн газрын тогтоол гарахгүй л бол хувьсах зардлыг олгосон ч дараа нь акт тогтоочихвол дараагийн санхүүжилтээс буцаан татна гэсэн. Тиймээс бид өчигдөр аймгийнхаа Боловсролын газарт албан бичиг өгөөд дараа нь гарах хариуцлагаа хүлээнэ гэдгээ илэрхийлж, санхүүжилтийг шилжүүлсэн. Бусад аймгууд, нийслэлийн цэцэрлэгүүдэд санхүүжилтийг нь өгчихсөн гэсэн.  

Иймд Засгийн газраас хувийн цэцэрлэг, сургуулиудын хувьсах зардлыг олгох тухай албан бичиг гаргахгүй бол сая өгсөн хувьсах зардлын санхүүжилтийг дараагийн санхүүжилтээс татах болчихоод байна. Орон нутагт байгаа бидний хувьд Засгийн газарт хүрэх боломж нь хэцүү тул ийнхүү уламжилж байна” гэсэн юм.

"Хувийн сургууль, цэцэрлэгүүдийн хувьсах зардлыг хэвээр олгоё гэх саналыг Сангийн яам руу хүргүүлсэн"

Бид энэ талаар БШУЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга С.Нансалмаагаас тодруулахад “Хувийн сургууль, цэцэрлэгүүдийн хувьсах зардлыг өнгөрсөн хавар олгож байх үеэр КОВИД-19-тэй холбоотой холбоотойгоор буцааж төвлөрүүл гэсэн бичиг Сангийн яамнаас манай яаманд ирүүлж байсан удаатай.

Тэр утгаараа нийслэл, аймгийн Засаг дарга нарт арванэгдүгээр сарын 17-нд баталж, хүргүүлсэн албан бичиг нь энэ талаар Сангийн яамтай зөвшилцчихөөд хариу өгнө гэсэн агуулгатай бичиг байсан юм.

Харин арваннэгдүгээр сарын 27-ны өдөр хувийн сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг олго гэсэн чиглэлийг БШУ-ны сайд өгсөн. Иймд орон нутгууд руу мөн албан бичиг явуулсан. Сангийн яам руу ч бас хувийн сургууль, цэцэрлэгүүдийн хувьсах зардлыг хэвээр олгоё гэх саналыг хүргүүлсэн байгаа" гэсэн юм.