Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хүйсээр ялгаварладаг ХЯМРАЛ

ikon.mn
2020 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Эдийн засгийн гурав дахь том хямралыг эмэгтэйчүүд давж чадах уу?

Урт удаан хугацааны асар их хүчин чармайлтаар ядуурлаас гарч чадсан мянга мянган эмэгтэйчүүд дахин “ангал” руу унах аюул тулж ирээд байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх хатуу хөл хорионы дэглэмээс үүдэн эмэгтэйчүүд голлон ажилладаг жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын “амь” дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байна.

Нийт аж ахуйн нэгжийн 98%, ДНБ-ний 25%-ийг бүрдүүлж, ажиллах хүчний тал хувийг ажлын байраар хангаж буй ЖДҮ эрхлэгчдийн 64%-ийг эмэгтэйчүүд эзэмшдэг. Мөн цар тахлаас үүдэлтэй үйл ажиллагаа нь хамгийн ихээр доголдсон бөөний болон жижиглэн худалдаа, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ, боловсрол зэрэг салбарт ажиллагсдын дийлэнх нь буюу 65-73% нь эмэгтэйчүүд байна.

Нэг долларын хөрөнгө оруулалт хийхэд 10-12 долларыг эдийн засагт нийлүүлж, эдийн засгийн өсөлт, ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулахад чухал нөлөөтэй энэхүү салбарыг энэ хүнд цагт шийдвэр гаргагчид бодитоор дэмжихгүй байгааг бизнес эрхлэгчид ярьж байна.

"Цар тахлын эсрэг Засгийн Газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үнэндээ бид нарт ямар ч дэмжлэг болохгүй байна"

ZOMA рестораныг үүсгэн байгуулагч Н.Болормаа: 

Товчхондоо нөхцөл байдал маш хүнд байна. Манай хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын онцлог нь цахим хувилбар луу шилжиж, ажилтнуудаа зайнаас  ажиллуулах боломжгүй салбаруудын нэг. Мөн хоол хүргэлтийн үйлчилгээг одоогоор зөвшөөрөөгүй байгаа нь үндсэндээ тэг зогсолт хийхэд хүргэсэн. Гэтэл манай салбар  тогтмол үйл ажиллагааны зардал маш өндөр хэрнээ ашиг харьцангуй багатай төдийгүй маш олон хүний ажлын байраар хангадаг.  

Эрх баригчид системээрээ хараад “бид хямраагүй, эдийн засагт мөнгөн гүйлгээ хэвийн хийгдэж байна” гэж яриад байгаа. Бодит байдал гэвэл энэ олон бизнесүүд цалингаа тавьж чадахаа болиод цомхотгол хийж эхэлнэ, ажилгүйдэл, түүнээс улбаатай ядуурал гүнзгийрнэ. Жижиг, дунд бизнесүүд татварын багахан хэсгийг бүрдүүлдэг байж болох ч бид нийт хөдөлмөрийн насны хүн амын 70-80 хувийг ажлын байраар хангаж байгаа шүү дээ.

Цар тахлын эсрэг Засгийн Газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үнэндээ бид нарт ямар ч дэмжлэг болохгүй байна. Хатуу хөл хорионы үед ажлын байрыг хадгалах, бизнест, тэр дундаа жижиг дунд бизнест учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, дэмжих дорвитой шийдэл нэг ч гараагүй. Ядаж л объект эзэмшигч, түрээслэгч нартаа түрээсээ бууруулах олигтойхон уриалга ч гаргаагүй байгаад үнэхээр харамсаж байна. Одоо санал болгож буй татварын багахан хөнгөлөлт бол түрээслэгч нарт хэрэггүй, тоодоггүй гэдэг нь өмнөх хөл хорионы үед тодорхой болсон шүү дээ. Иймд, энэ бол нэр төдий хэнд ч өгөөжгүй шийдвэр. Цар тахлаас үүдэлтэй олон ААН-үүд үүдээ барих, дахиж үйл ажиллагаа эрхлэхгүй байх магадлал өндөр байна.

"Эхний цохилтоосоо гарч чадаагүй байхад дахин хатуу хөл хорио тогтоож, давхар цохилт боллоо"

"Маяара трейд"-ийг үүсгэн байгуулагч Э.Азжаргал: 

Өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалт Монгол Улсын хэмжээнд 60-80 хувиар буурсан. Эхний цохилтоосоо гарч чадаагүй байхад дахин хатуу хөл хорио тогтоож, давхар цохилт боллоо. ЖДҮ-ийн салбарт 800,000–1,000,000 орчим хүний цалин мөнгө, амьдралын баталгаа  яригддаг. Бид эдийн засагт тодорхой хэмжээний эргэлт бий болгож, бидний төлсөн татвараар төр үйл ажиллагаа эрхэлдэг. Гэтэл тэвдсэн үед биднийг хөсөр хаяж байна. Хамгийн эмзэглэж буй асуудал бол Монголын бичил болон жижиг бизнесийн 80 хувь нь эмэгтэй захиралтай,  ажиллагсад нь ихэвчлэн өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг. 

Засгийн Газраас эдийн засгийг дэмжих 23 төрлийн арга хэмжээг авах болсноо зарласан. Гэтэл  биднийг дэмжсэн, хамгаалсан заалт даанч алга. Гаднын маш олон улс орон эдийн засгаа эргэлдүүлэх гэж, үйлдвэрлэгчдээ аврах гэж олон арга хэмжээ авч байна. Коронатай тэмцэж байна гээд эдийн засгаа царцааж, иргэдийнхээ ахуй амьдралаар тоглож байгаа улс орон алга. Өнгөрсөн 10 сарын хугацаанд болзошгүй эрсдэлд бэлтгэх, төлөвлөгөө гаргах хангалттай  хугацаа байлаа. Арай ч ийм байдалтай биднийг хаяна чинээ бодсонгүй.

"Өнгөрсөн хавраас өнөөдрийг хүртэл зээлийн хүүг хувийн бусад буюу гэр бүлийн орлогоосоо төлж, эрсдэлийг үүрсэн"

"Саруулгэрэлтэх оч"-ийн захирал Ж.Саруул: 

Манай компани Ховд аймагтаа 2014 оноос хойш сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлж үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ирсэн. Манай ажилтнууд ар гэрийн санхүүгийн хариуцлагаа үүрч явдаг эмэгтэйчүүд. 

Өнгөрсөн хавраас өнөөдрийг хүртэл зээлийн хүүг хувийн бусад буюу гэр бүлийн орлогоосоо төлж, эрсдэлийг үүрсэн. Халаалт, цахилгаан, усны төлбөр гэх мэт тогтмол зардлуудаас ихээхэн алдагдал амссан. Бидэнд тулгамдаж буй хамгийн хүнд асуудал бол банкны зээлийн хүү л байна даа. Засгийн Газраас гаргасан шийдвэрийн дагуу зээлээ хойшлуулж, хүүгийн төлбөрийг зургаан сар төлсөн ч үндсэн зээлээс нэг төгрөг ч хасагдаагүй. Харин ч энэхүү ухраасан зургаан сарын хугацааны зээлийг дахин төлнө. Үнэнийг хэлэхэд Засгийн газрын энэ шийдвэр бизнес эрхлэгч бидэнд төдийлөн үр өгөөжтэй байж чадахгүй байна. 


Цар тахал нийгэм, эдийн засгийн тогтолцооны эмзэг байдлыг ил болгож, цар тахлын сөрөг нөлөөг нэмэгдүүлж байгаа талаар НҮБ-ын бодлогын товч тайланд дурджээ. Манай улсын хувьд цар тахлаас өмнөх үед ч эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин буурсаар ирсэн бөгөөд хөл хорионы нөлөөллөөр эрчимжиж 2020 оны III дугаар улирлын байдлаар 53.7 хувь-д хүрээд байна. Энэ мэт эдийн засгийн цочролыг шингээх чадвар нь эмэгтэйчүүдийн хувьд эрэгтэйчүүдээс бага байдаг шалтгаан нь нийгэмд тогтсон хэвшмэл ойлголттой холбоотойг МУИС-ийн багш, судлаач, эдийн засагч Б.Отгонтөгс хэллээ. “Хөдөлмөрийн зах зээлийн хувьд гол шалтгаан нь хямрал болж, ажлын байрыг цомхотгоход “гэрийн эзэн, гэр бүлээ гол тэжээгч” гэсэн нийтийн сэтгэхүйд суусан таамаглалын дагуу төрийн өмчийн болон хувийн хэвшил эрэгтэйчүүдийг биш, эмэгтэйчүүдийг илүү ажлаас нь халдаг талаар Cagatay болон Elson 2000, Elson 2009 нар судалж хэвлүүлсэн байдаг. 

Мөн макро эдийн засгийн хувьд гол шалтгаан нь, дэлхийн эдийн засаг хямраад, нийт эрэлт буураад ирэх үед экспортын болон импортын хэмжээ багасдаг. Экспорт ихэвчлэн худалдаалдаг барааны болон албан секторуудыг хамардаг тул боловсролтой, албан секторт ажилладаг эмэгтэйчүүдийн ажлын байр хомстож, цалин, орлого нь буурдаг. COVID-19 зөвхөн эдийн засгийн төдийгүй, эрүүл мэндийн хямрал давхар явагдаж байгаа тул сургууль, цэцэрлэг хаагдсан энэ үед асаргаа, хоол унд, хичээл сурлагын бүх ажил, ачаалал эмэгтэйчүүдийн, эмээ, ээж, эгч нарын нуруун дээр бууж байна.  Тэдний  хувьд бүтэн цалинтай ажиллах цагийн хэмжээ эрс буурч, хөлсгүй буюу асрах ажил хийх нь эрс ихэссэн нь нийт эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг нэмэгдүүлж байна”.  

Угаас хатуу хөл хорионы дэглэм тогтоож, сургуулиудыг хаах нь зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн өнцөг булан бүр дэх охид, эмэгтэйчүүдэд хамгийн ихээр нөлөөлж, урт хугацааны сөрөг үр дагавар дагуулж болзошгүй байна. Энэ оны эхээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес COVID-19 нь жендэрийн эрх тэгш байдал болон эмэгтэйчүүдийн эрхийг хангахад гарсан хязгаарлагдмал ахиц дэвшлийг эргүүлж магадгүй нөхцөл байдалд хүргээд байгааг онцолж байсан. Цар тахлын тархалт 2021 он хүртэл үргэлжилж байгаа тул түүний хэлсэн үг таамаглалаас илүү анхааруулга шиг санагдах боллоо.  

 

Эх сурвалж: "Хүндлэлд хүйс хамааралгүй" аяны хүрээнд бэлтгэв