Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ираны цөмийн судалгааны хамгийн том эрдэмтэн Тегераны ойролцоо алагджээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Иран улсын цөмийн судалгааны хамгийн том эрдэмтэн Мохсен Фахризадех нийслэл Тегераны ойролцоо халдлагад өртөж, алагдсаныг тус улсын батлан хамгаалах яам Баасан гарагт мэдээлжээ.

Өрнөдийн тагнуулын албад Фахризадехыг Ираны цөмийн зэвсгийн хөтөлбөрийг удирддаг гол хүн гэж үздэг юм. “Хэрвээ Иран улс цөмийн зэвсэгтэй болвол Фахризадех түүний загалмайлсан эцэг болох хүн” гэж өрнөдийн нэгэн дипломатч 2014 онд Ройтерс агентлагт ярьж байв.

Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху 2018 оны дөрөвдүгээр сард Ираны цөмийн хөтөлбөрийн талаар олж авсан мэдээллээ цацахдаа Фахризадехын нэрийг онцгойлон дурдаж байжээ.

 

2010-аас 2012 оны хооронд Ираны цөмийн судалгааны дөрвөн эрдэмтэн алагдахад Тегераны эрх баригчид Израйль улсыг буруутгаж байв. Энэ удаагийн аллагыг бас Израйлийн тагнуулын албаны явуулсан ажиллагаа гэж үзэж байна.

Одоогоор Израйлийн тал ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Пентагон ч бас болсон хэргийн талаар чимээгүй байгаа юм.

Ираны батлан хамгаалах яамны мэдэгдэлд “Мохсен Фахризадехыг суулгаж явсан автомашин руу зэвсэгт этгээдүүд халдлаа. Террористууд түүний бие хамгаалагч нартай буудалцах үеэр Фахризадех шархдаж, ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй амьсгал хураасан байна” гэжээ.

Тегераны ойролцоох Абсард сууринд автомашин дэлбэрч, террористууд байж болзошгүй 3-4 хүн үхсэн байсныг гэрчүүдийн яриан дээр үндэслэн Ираны Фарс агентлаг мэдээлсэн байна.

Иран улс нь цөмийн технологийг зөвхөн энхийн зорилгоор ашиглах гэрээг 2015 онд дэлхийн зургаан гүрэнтэй байгуулж байв. Ерөнхийлөгч Дональд Трамп 2018 онд уг гэрээнээс АНУ-ыг гаргасан юм.

Энэ цагаас хойш Тегераны эрх баригчид гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, баяжуулсан ураны хэмжээ нь зөвшөөрөгдөх хэмжээг давсан гэдэг. Энэ тохиолдолд Иран улс цөмийн зэвсэг бүтээх түүхий эдтэй болж байгаа юм.

Саяхан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Жо Байден ирэх оны нэгдүгээр сард тангараг өргөснийхөө дараа гэрээний нөхцлийг Ирантай дахин хэлэлцэх амлалт өгч байгаа.

Фахризадехын аллагыг Ираны гадаад хэргийн яам “Төрийн оролцоотой терроризм” гэж нэрлээд Израйль улсыг сэжиглэж байгаагаа мэдэгджээ.

Ираны Хувьсгалт Гвардын командлагч, генерал Хоссейн Салами террористуудаас эрдэмтний өшөөг авахаа амласан байна.

АНУ-ын Тагнуулын Ерөнхий Газрын захирал асан Жон Бреннан уг аллагыг “гэмт хэрэг”, “балмад үйлдэл” гэж нэрлээд бүс нутагт зөрчил мөргөлдөөн үүсгэх эрсдэл дагуулж буйг анхааруулжээ. Гэхдээ тэр энэ аллагад гадаад улсын засгийн газар оролцсон гэх ямар нэг мэдээлэл аваагүй байгаагаа ярьсан байна.

 

Эх сурвалж: BBC