Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарантуяа: Хатуу хөл хорио тогтоогоогүй бол халдвар авах хүний тоо 2,000 орчим болж өсөх хандлагатай байлаа

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр коронавирусийн халдварын зураглалыг бүрэн хийсэн талаар хэлсэн бөгөөд хөл хорионы дэглэм сахиагүй бол ямар үр дүн гарах байсан талаарх судалгааг Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Д.Нарантуяа танилцууллаа. 

Тэрбээр “Коронавирус хүндэрсэн үедээ амьсгалын замын хүндрэлийг үүсгэж, олон системийг доголдуулдаг. Ийм учраас хөл хорионы дэглэмийг хатуу барих нь зөв гэж үзэж байна.

Хэрвээ хатуу хөл хорио тогтоогоогүй бол долоо хоногийн дараа 555, цаашлаад халдвар авах хүний тоо 2,000 орчим болж өсөх хандлагатай байх тандалт хийсэн. Манай улсын хүн амын 4% нь ямар нэгэн халдварт өвчнөөр өвдөх эрсдэлгүй гэсэн судалгаа гарсан.

Ихэнх хувь нь халдварт өвчнөөр өвдөх эрсдэлтэй гэсэн үг. 11 хоногийн хөл хорионы үеэр лабораторийн шинжилгээг 110 мянган хүнд хийлээ. 18 цэгт 25,644 хүнд тандалт байдлаар түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн.

Батлагдсан тохиолдол болох 146 хүний ойрын хавьтал болох  700 хүнийг бүрэн шинжилгээнд хамрууллаа. Хоёр дахь хавьтлуудад шинжилгээ хийгээд явж байна. Одоогоор бид тандалтын зураглалтай болсон учраас хөл хориог тодорхой байдлаар багасгаж болно гэсэн зөвлөгөөг эрдэмтдийн зүгээс өгч байна” гэлээ.

Мөн УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Энэхүү судалгаагаар, хэрэв хөл хорио тогтоох арга хэмжээ аваагүй бол өнөөдөр 140 гараад байгаа дотоодын халдварын тоо 650-700-д хүрсэн байх байсныг тогтоосон" хэмээн тодотголоо.

Видео:

https://fb.watch/1UI7Igg636/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.