Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Худал мэдээлэл тараасан зургаан иргэнийг тус бүр 500 мянган төгрөгөөр торгосон"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Цар тахалтай холбоотойгоор улс даяар бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хөл хорио тогтоосон үед цахим орчин ашиглан тодорхой төрлийн гэмт хэргүүд үйлдэгдэж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ.

"Монгол Улсын хилийг дотогш татсан гэх худал мэдээлэл тараасан этгээдүүдэд эрүүгийн хэрэг нээн шалгаж байна"

Тэрбээр "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед олон нийтийг төөрөгдүүлсэн илт худал мэдээллийг цахимаар түгээсэн нийт 44 зөрчлийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагаас холбогдох хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгаж байна.

Үүний хүрээнд зургаан иргэнийг тус бүр 500,000 төгрөгөөр торгож, 21 төрлийн хууль бус контентийг устгуулж 38 зөрчлийг харьяаллын дагуу шалгаж байна.

Өчигдөр гэхэд л олон нийтийн сүлжээнд Монгол Улсын хилийг 19 километр дотогш татсан байна гэх худал мэдээлэл тарсан.

Уг  мэдээлэлтэй холбоотойгоор Хил хамгаалах ерөнхий газраас холбогдох тайлбар залруулгыг гаргаж, Цагдаагийн байгууллагад үүнийг шалгуулах хүсэлт ирүүлсэн.

Үүний дагуу Эрүүгийн хуульд заасан худал мэдээлэл тараах гэдгээр хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Уг мэдээллийг анхлан тараасан байж болзошгүй иргэн О, Э, Т, Э, Д гэгчийг холбогдуулан шалгаж байна.

Эдгээр мэдээллийг устгуулсан ч зарим хүн санаатайгаар уг мэдээллийг түгээх байдал тогтоогдож байгаа. Тухайн хүмүүст холбогдох хуулийн дагуу шалгалтын ажиллагаа явуулна" гэсэн юм.

"Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 24 иргэнийг тус бүр 100,000 төгрөгөөр торгосон"

Үргэлжлүүлэн "Мөн энэ хугацаанд олон нийтийн сүлжээг ашиглан гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдаалах зөрчил гарсан. Одоогоор энэ төрлийн 90 мэдээллийг шалгаж байна.

Үүний хүрээнд 11 этгээдэд тус бүр 100,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээг авч найман тээврийн хэрэгслийг саатуулан, 11 фэйсбүүк хаягийг устгуулсан.

Түүнээс гадна цахим орчинд явуулж буй урьдчилан таамаглах боломжгүй тоглоом явуулж буйг шалгахад нийт 75 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүллээ.

Үүнээс зөрчлийн шинжтэй ажиллагаа явуулсан 24 иргэнийг тус бүр 100,000 төгрөгөөр торгож, 27 тоглоомын үйл ажиллагааг зогсоож, гурван асуудалд хэрэг нээн 21 үйлдэлд нь шалгалтын ажиллагааг үргэлжилж байна.

Цагдаагийн байгууллага бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед явган болон тээврийн хэрэгсэлд хөдөлгөөний хязгаарлалтад хяналт тавьж, цар тахлыг дэгдээхгүй байх чиглэлд бүх хүчээрээ ажиллаж байна. Иймд иргэд хууль тогтоомжийг мөрдөж ажиллах шаардлагатай байна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/127066892274735

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.