Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-аас Иранд цохилт өгөх боломжийг Дональд Трамп зөвлөхүүдээсээ асуужээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Албан тушаалаа шилжүүлж өгөхөд хоёр сар орчим хугацаа үлдээд байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт шадар зөвлөхүүдтэйгээ Цагаан ордонд уулзахдаа Иран улсын цөмийн байгууламжуудад цохилт өгөх боломжийг асуужээ.

Ийм яриа болсныг Цагаан ордны албан эх сурвалжууд Нью Йорк Таймс сонинд мэдээлсэн юм байна.

Пүрэв гарагт Цагаан ордны Зууван танхимд болсон уулзалтад дэд ерөнхийлөгч Майк Пэнс, төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон Пентагоны удирдлагууд оролцжээ.

Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болж өнгөрсөн сонгуулийн үр дүнг Дональд Трамп одоо болтол хүлээн зөвшөөрөхгүй, Жо Байдены багт эрх мэдэл шилжүүлэх үйл явцыг эхлүүлэхээс зайлсхийсээр байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт тэр Пентагоны удирдлагуудыг өөртөө үнэнч хүмүүсээр сольсон нь албан тушаалаас буухаасаа өмнө цэрэг дайны ноцтой алхам хийж болзошгүй гэсэн болгоомжлол үүсгээд байгаа.

Пүрэв гарагт болсон уулзалтын үеэр Иран улсын цөмийн байгууламжуудад цохилт өгөх ямар боломжууд байгааг Трамп шадар зөвлөхүүдээсээ асуусан байна.

Зөвлөхүүд нь бүс нутгийг хамарсан дайн дэгдэж болзошгүй тул ийм аюултай алхам хийхгүй байхыг тайлбарлаж ойлгуулсан тухай эх сурвалж мэдээлжээ.

Цагаан ордонд болсон уулзалтын өмнөх өдөр Иран улсын баяжуулсан ураны хэмжээ 2015 оны гэрээнд заасан хязгаараас хэтэрсэн тухай НҮБ-ын ажиглагчдын дүгнэлт гарсан юм.

Дональд Трамп 2018 онд уг гэрээнээс АНУ-ыг гаргаж байв. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн турш Иран улсад дайсагнасан хатуу бодлого явуулсан юм.

Энэ оны нэгдүгээр сард Трампын тушаалаар Багдадын нисэх онгоцны буудалд Ираны хувьсгалт гвардийн тэргүүн, генерал Кассем Сулейманы амийг хөнөөх ажиллагааг АНУ-ын тусгай хүчнийхэн гүйцэтгэж байв.

Хэрвээ Трамп албан тушаалаасаа буухаас өмнө амжиж Ираны цөмийн байгууламжид цохилт өгвөл бүс нутгийг хамарсан томоохон мөргөлдөөн үүсч, шинэ ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанд гадаад бодлогын том сорилт бий болгох юм.

 

Эх сурвалж: Reuters