Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн нүүрсийг Хятад руу тээвэрлэж явсан 400 орчим хөлөг тэнгист гацжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Австралиас ачсан нийтдээ хоёр сая орчин тонн нүүрсийг тээвэрлэж буй 400 хөлөг онгоц Хятадын зүүн хойд эргийн орчим тэнгисийн усанд гацаад байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Улс төрийн зөрчил маргааны улмаас Хятад улс Австралийн нүүрсний импортод хориг тавьсан нь үүнд нөлөөлсөн байна. 21 хөлөг онгоц одоо Хятадын Жинтаны боомтод зогсож байгаа ч нүүрсээ буулгах зөвшөөрөл өгөхгүй байгаа гэнэ.

Эдгээр хөлгүүдийн ачсан нүүрс нь чанараасаа хамаараад дунджаар $200 саяын үнэ хүрэх юм байна.

Хөлгүүдийн 15 нь энэ оны зургаадугаар сараас хойш зөвшөөрөл хүлээж байгааг Блүүмбэрг мэдээлжээ. Үлдсэн хэсэг нь хамгийн богинодоо сар орчим хугацаанд саатаж байгаа гэнэ.

Коронавирусийн цар тахалтай холбоотой журмын дагуу хөлгүүдийн багийн гишүүд эрэгт буух боломжгүй байгаа аж. Үүнээс гадна хөлгүүд өөр боомт руу шилжих хориотой байгаа гэнэ. 

Баасан гарагт Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Вэнбин хөлгүүд боомтоос явах эрх нь нээлттэй байгааг мэдэгджээ. Тэрбээр нүүрс тээвэрлэгч компаниудыг ашиг олох сонирхолдоо хэт автаж, үүссэн нөхцөл байдалд зохицож ажиллахгүй байна хэмээн буруутгасан байна.

Далайд гацсан 400 орчим хөлгийн ихэнх нь Энэтхэгийн тээврийн компаниудын өмч ажээ. Эдгээр хөлгүүдийн ажилчдын хоол хүнс, цэвэр ус, эм хангамж тасалдаж, эргээс зарим шаардлагатай зүйлсээр хангасан байна.

Ердийн үед хөлгүүд нүүрсээ хэдхэн өдрийн дотор Жинтаны боомтод буулгаад буцдаг гэнэ. Ачаалал ихтэй үед дээд тал нь 15-20 хоног хүлээх тохиолдол байдгийг эх сурвалжууд мэдээлжээ.

Хятад, Австралийн засгийн газрын хооронд үүссэн улс төрийн маргаан ийнхүү худалдааны дайн болж өргөжөөд байгаа юм. Зөвхөн нүүрс биш, Австралийн өөр хэд хэдэн төрлийн бараа бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд нийлүүлэхэд квотын хязгаарлалт, татварын нэмэгдэл зэрэг саад бэрхшээлүүд тулгараад байна.

 

Эх сурвалж: Bloomberg