Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар яваад ирсэн, Орхон аймгийн 140 орчим иргэний наймаас нь шинжилгээ авжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Орхон аймгийн ЗДТГ-ын цахим хуудас

Орхон аймгийн Онцгой байдлын комиссоос цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Тус аймаг өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 12-нд бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн байна. Аймгийн онцгой комиссоос гамшгаас хамгаалах мэргэжлийн алба, сумдын ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар,  Цагдаагийн газар,  Мэргэжлийн хяналтын газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Эмнэлэг сувиллын цогцолборын бэлэн байдлыг хангаж ажиллуулах, бусад байгууллагууд, хуулийн этгээд байгууллага дээрээ зохицуулалт хийж, зайлшгүй шаардлагатай албан тушаалтнуудаас бусад албан хаагчдыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд ажиллуулахгүйгээр цалин хөлсийг тооцож олгохыг зөвшөөржээ.  

Тус аймгийн зарим иргэн дотоодын халдвар бүртгэгдсэн хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 6-наас хойш Улаанбаатар хотод ирсэн, буцаж очсон тохиолдол цөөнгүй байгаа аж. Мөн “Хархан нүдэн” тоглолт үзсэн иргэд аймагтаа буцаж очсон гэдэг мэдээлэл ч байгаа. Үүнд аймгийн онцгой комиссоос хариулт өглөө. 

Аймгийн Засаг дарга С.Батжаргал "Хүнсний бүтээгдэхүүний нөөцийн тухайд 12 нэр төрлийн бүтээгдэхүүний нөөцийн мэдээлэл гаргасан. Үүнээс гурил 30 хоног, махны нөөц 15 хоног, будаа 19 хоног, хүнсний ногоо 410 хоногийн нөөцтэй байна" гэдэг мэдээллийг өглөө. 

Аймгийн онцгой байдлын газрын дарга О.Ганбаатар: Манай аймгийн тусгаарлах байранд гурван хүн ирсэн. Хоёр нь ОХУ-аас орж ирсэн хоёр иргэн. Нэг нь Энхсаран сувиллын тусгаарлалтаас гарч ирсэн манай аймгийн харьяат иргэн. Тусгаарлагдсан гурван иргэн гурвуулаа Монгол Улсын харьяат. Энэ гурван иргэнээс өнөөдөр сорьц авна. Гэхдээ энэ гурван иргэн сэжигтэй тохиолдол биш гэдгийг онцолж хэлье. 

Тоглолт үзсэн гэдэг иргэдийн мэдээлэлд судалгаа тандалт хийж байгаа. Анх 83 иргэн Улаанбаатар хот руу арваннэгдүгээр сарын 6, 7-нд яваад ирсэн гэж байсан бол өнөөдрийн байдлаар 140-өөд иргэн болсон. Бид түүврийн аргаар асуумж авч, найман иргэнээс сорьц аван шинжилгээг холбогдох газар руу явуулсан. 

 

Аймгийн Засаг дарга С.Батжаргал: Энхсаран сувилалд тусгаарлалтад байсан иргэний тухайд Орхон аймаг руу орж ирж байхад нь мэргэжлийн байгууллагуудын мэдээлийн дагуу олж тогтоосон. Бид Булган аймгийн Орхон сум руу гардаг постноос цагдаагийн хамгаалалттай авчирсан. Тухай иргэний биеийн байдал хэвийн байгаа. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.