Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Спутник V вакцины эхний туршилтын үр дүн 92 хувьтай гарсныг Оросын тал зарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын эрдэмтдийн бүтээж буй Спутник V коронавирусийн эсрэг вакцины эхний туршилтын дүгнэлт 92 хувийн үр дүнтэй гарсныг өчигдөр зарлажээ.

Оросуудын бүтээл нь хүн дээр хийх сүүлчийн шатны туршилтын эхний үр дүнгээ зарласан хоёр дахь вакцин болж байна. Өнгөрсөн Даваа гарагт АНУ-ын Pfizer, Германы BioNTech компаниуд вакцины туршилт нь 90 гаруй хувийн үр дүнтэй гарсныг зарласан билээ.

Гэхдээ Спутник V вакцины дүгнэлт нь ердөө 20 хүн дээр хийсэн туршилтын үр дүн юм байна. Pfizer, BioNTech компаниуд вакцинаа эхний 94 хүн дээр туршсаны дараа үр дүнгээ зарласан юм.

Тиймээс өрнөдийн вакцин бүтээгчидтэй өрсөлдөхийн тулд Оросууд үр дүнгээ яаравчлан зарласан нь улс төрийн дарамт шахалттай холбоотой байж болзошгүйг судлаачид анхааруулж байна.

Америк, Германы бүтээгчид вакцины туршилтаа үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ сарын сүүлээр хангалттай статистик тоо баримттай болсны дараа зөвшөөрөл авах хүсэлт гаргахаа мэдэгдсэн юм.

Спутник V вакцины туршилт бас цаашид зургаан сарын турш үргэлжлэхийг энэхүү төслийн санхүүжүүлэгч Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Сан мэдээлжээ.

Уг төсөл дээр ажиллаж байгаа Гамалейн Хүрээлэнгийн захирал Александр Гинцбург вакциных нь үр дүн эхний шатны туршилтаас харагдсан тул ойрын өдрүүдэд Орос даяар вакцинжуулалтыг эхлүүлэх боломжтойг хэлсэн байна.

Түүний хэлснээр өнөөдрийн байдлаар Орост 40,000-45,000 хүн вакцинжуулалтад хамрагдсан бөгөөд энэ оны сүүлээр 1.5 сая хүн хамрагдсан байх гэнэ.

Хэдийгээр коронавирусийн эсрэг вакцин бүтээх ажилд ахиц дэвшил гарч байгаа ч туршилтын үр дүн цаашид яаж өөрчлөгдөх, вакцинаар тогтоосон дархлаа хэр удаан үргэлжлэхийг хэн ч хэлж чадахгүй байна.

Өчигдрийн байдлаар сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-д 19,851 халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, 432 өвчтөн нас баржээ. Нийт 1.8 сая гаруй тохиолдолтой тус улс энэ үзүүлэлтээр дэлхийд АНУ, Энэтхэг, Бразил, Францын дараа тавдугаарт бичигдэж байна.

 

Эх сурвалж: Reuters