Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Ганзориг: Хилийн боомтуудыг хааснаар нефтийн болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд хомсдол үүсэхгүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, Алтанбулаг боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг хоёр сарын хугацаагаар зогсоох санал гаргасан билээ. Уг саналаа маргааш Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, эцсийн шийдвэрийг гаргуулах юм.

Үүнтэй холбоотойгоор УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Алтанбулаг боомтын ачаа тээврийг зогсоох хугацаанд бараа бүтээгдэхүүнийг ямар замаар нэвтрүүлэх юм бэ?

-Алтанбулаг боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг хаах хугацаанд ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэх, сэлгэж ачих чиглэлээр явуулах бэлтгэл ажлыг хийж байна.

Ингэхдээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөхгүй талаас нь бодолцож, судалгаа хийж Алтанбулагийн чөлөөт бүсэд бүс байгуулах замаар барааг сэлгэж ачиж, төмөр замаар тээвэрлэх зохицуулалтыг хойд хөрштэйгөө хамтран хэрэгжүүлэхээр судалж байна.

-Нефтийн бүтээгдэхүүний нөөц баруун бүсэд ямар байгаа вэ?

-Улсын хэмжээнд баруун бүсийн нефтийн бүтээгдэхүүний 30 хоногийн нөөц байна. Тиймээс энэ сарын 23-наас эхлэн Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг хуваарийн зохицуулалттай нээх юм.

 Арваннэгдүгээр сарын 23-ныг хүртэл нийт 14 хоногийн хугацааны нөөц бий. Мөн одоогоор Увс аймгийн Боршоо боомт дээр 30 орчим нефтийн бүтээгдэхүүн ачсан автомашин ирчхээд байгаа. Үүнийг ч хилийн төлөөлөгчдийн хэлэлцээрээр татаж оруулна. 

Тиймээс нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй.

-Алтанбулаг боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг хааснаар өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд хомсдол үүсэх үү?

-Ер нь хүнс нөөцлөх асуудлыг УОК 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс л хурал бүр дээр онцгойлон авч хэлэлцэж байгаа. Үүнтэй холбоотойгоор холбогдох яам ажиллаж буй.

Алтанбулаг боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг хааснаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл, тус боомтоор орж ирдэг бараанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд нөлөөлөхүйц хэмжээний импортын бүтээгдэхүүн байхгүй.

Манай улс өндөгний хэрэглээний 50 хувийг импортоор авдаг. Түүнийхээ 94 хувийг нь ОХУ-аас авч байна. ОХУ-аас авахдаа Алтанбулаг боомтоор дамжуулж байгаа. 

Түүнээс өөр яг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний ачаа таваар харагдахгүй байна.

Нефтийн бүтээгдэхүүний хувьд Сүхбаатар боомтын төмөр замаар ороод ирдэг учраас нефтийн бүтээгдэхүүний хомсдол бий болохгүй.