Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс ханхүү Фүмихитог хаан ширээ залгамжлагчаар зарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Япон улсын одоогийн эзэн хаан Нарүхитогийн төрсөн дүү, ханхүү Фүмихитог хаан ширээ залгамжлагчаар зарлах ёслол өчигдөр Токио хотод зохион байгуулагджээ.

Фүмихито нь хаан ахаасаа зургаан насаар дүү юм. Өнгөрсөн онд Нарүхито хаан ширээнээсээ өөрийн хүсэлтээр буусан эцгийгээ залгамжилж, Япон улсын эзэн хаан болсон.

Гэхдээ тэр эрэгтэй хүүхэдгүй, ганц охинтой тул хаан ширээг залгамжлах дараагийн хүн түүний эрэгтэй дүү болж байгаа юм. Япон улсын хаан ширээг эмэгтэй хүн залгамжилдаггүй. Гэхдээ одоо шинэчлэлт хийж, эмэгтэй залгамжлагчийг зөвшөөрдөг болох тухай санаа тус улсад яригдаж байгаа.

Өчигдөр болсон “Риккоши но рэй” нэртэй ёслолын арга хэмжээ цар тахлын улмаас долоон сар хойшилжээ.

Ёслолд эзэн хааны гэр бүлийнхнээс гадна 46 зочин оролцсон байна.

Энэ үеэр эзэн хаан Нарүхито өөрийн дүү Фүмихитог угсаа залгамжлах ханхүүгээр зарлажээ. Фүмихито үе үеийн угсаа залгамжлагчдын дамжуулан хадгалж ирсэн сэлмийг хүлээн авсан байна.

1947 онд батлагдсан одоогийн хуулиар хаан ширээг зөвхөн эрэгтэй хүн залгамжилдаг. Эрэгтэй угсаа залгамжлагчгүй болоод байсан 2004 онд Японы засгийн газар эмэгтэй хүнд хаан ширээг залгамжлуулах хуулийн өөрчлөлтийг боловсруулж эхэлсэн ч Фүмихитогийн гэргий ханхүү Хисахитог төрүүлснээр уг ажлыг зогсоож байжээ.

Хэрвээ Хисахитогийн дараа эрэгтэй залгамжлагч гарч ирэхгүй бол эмэгтэй хүнийг хаан ширээнд залах асуудал дахин яригдаж эхлэх юм.

 

Эх сурвалж: BBC