Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг нэмэгдүүлэв

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020.05.26-ны өдрийн хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан байна. 

Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьсан юм. Уг хоригийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцээд хүлээж авах нь зөв гэж үзсэн билээ. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн "УИХ хоригийг хүлээн авснаар Ерөнхийлөгч ямар хүрээнд хууль санаачлах эрхтэй болоод байна вэ" гэсэн асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт дараах хариултыг өглөө.

Тэрбээр "УИХ-ын тухай хуулийн 38 дугаар зүйлд хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг заасан. Энэ хуулийн 38.1-д дэгтэй холбоотой асуудлыг зөвхөн УИХ-ын гишүүд санаачилна, 38.2-т Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна, 38.3-т зөвхөн Засгийн газрын санаачлах хуулиудыг заагаад, энэ хуулиудыг УИХ, Ерөнхийлөгч санаачлахгүй гэсэн заалт байсан. 
Одоо бол 38.1, 38.3-т заасан хуулиудыг Ерөнхийлөгч санаачлахгүй, бусад хуулиудыг болно гэж өөрчилсөн. Үндсэндээ Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдтэй адил хууль санаачлах эрхийн хүрээ хязгаартай болсон. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийн хүрээ хязгаар нь илүү өргөн болсон" гэв.