Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Шанхай хотын таван давхар хуучны барилгыг шинэ технологийн тусламжтай нүүлгэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Хятадын санхүүгийн төв Шанхай хотын Хуанпу дүүрэгт оршдог таван давхар хуучны барилгыг нураалгүйгээр нүүлгэн шилжүүлэх ажил энэ сарын эхээр болж дууссан байна.

85 жилийн настай уг барилгыг дунд сургуулийн зориулалтаар 1935 онд хотын энэ хэсгийг хянаж байсан Францын засаг захиргааны шийдвэрээр барьж байжээ.

Барилгын газар дээр 2023 онд ашиглалтад орох худалдаа, оффисын томоохон төвийг байгуулахаар болсон тул шилжүүлж байрлуулах шаардлага гарсан байна.

Хотын захиргаа түүхийн гэрч болсон барилгыг авч үлдэхийн тулд “Shanghai Evolution Shift” компанитай хамтран ажиллажээ. Тус компани байшин барилгыг нүүлгэн шилжүүлэх шинэ технологийг боловсруулсан юм байна.

Ингээд барилгын доогуур нүх ухаж, 198 ширхэг “алхдаг машин” суурилуулсны дараа 18 хоногийн турш алхам алхмаар нүүлгэжээ. Аравдугаар сарын 15-нд нүүлгэх ажил дуусч, хуучин сургууль өмнөхөөсөө 21 градусын өнцгөөр эргэж, 62 метр зайд шилжсэн байна.

Шанхай хот анх удаагаа “алхдаг машин” технологийг ашигласан нь энэ ажээ. Сүүлийн үед Хятадын хотуудад шинэ барилгажилт эрчимтэй явагдаж байгаатай зэрэгцэн хуучны түүхэн байгууламжуудыг нураалгүй авч үлдэх хичээл зүтгэл нэмэгдсэн байна.

2018 онд Хонкоу дүүргийн 90 настай барилгыг амжилттай нүүлгэсэн нь тухайн үедээ Шанхай хотын хамгийн нарийн төвөгтэй төсөлд тооцогдож байжээ. Уг барилгын доогуур төмөр зам байгуулж, нүүлгэсэн юм. Харин энэ удаа 7,600 тонн жинтэй дунд сургуулийн барилга тэгш өнцөгт биш, Т хэлбэртэй тул уламжлалт аргаар нүүлгэх боломжгүй байжээ. Тиймээс анх удаа “алхдаг” машин технологийг ашигласан юм байна.

Эх сурвалж: CNN, CGTN