Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Жийн-Паскаль Н.Нгану: Монгол Улс хүмүүн капиталаа дутуу ашиглаж, институтийн чанар нь муудаж байна

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 10 сарын 30
iKon.MN
 
гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын эрдэс баялгийн салбарын өнгийг тодорхойлогч “Discover Mongolia-2020” уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт 18 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Коронавирусийн халдвараас шалтгаалан онцлогтой болж буй энэ удаагийн форумд Дэлхийн банкны ахлах эдийн засагч ноён Жийн Паскаль Н.Нганугийн “Уурхай ба оюун ухаан” хэмээх сэдвээр тавьсан илтгэл хамгийн сонирхолтой байв. 

Тэрбээр "Уул уурхай Монголын өнөөдөр бол ирээдүй нь оюун ухаан хэмээн юуны өмнө тодорхойлж хэлмээр байна. Өнөө үед оюун ухаанд түлхүү суурилсан эдийн засгийн загвар нь илүү тогтвортойд тооцогдож байгаа билээ. Эдийн засгийн бүтцийн хувьд ижил төстэй улс орнуудтай харьцуулахад Монгол Улс хүмүүн капиталаа дутуу ашиглаж, институтийн чанар нь муудаж байна.

Капиталын төрөлжилт нь Монгол Улсын бүтээгдэхүүн болон зах зээлийн төрөлжилтөд чухал ач холбогдолтой. Гэтэл Монгол Улс капиталын нөөц баялгаа төрөлжүүлж чадаагүйгээс экспорт болон үйлдвэрлэлийн төрөлжилт сул байна гэж харж байна. 

Түүнчлэн активын төрөлжилт нь бүтээгдэхүүний төрөлжилтийг дагуулна. Монгол Улс актив болон бүтээгдэхүүний төрөлжилтөөр бусад улсаас хоцорч байна" гэв. 

"Монголын компаниудын шинийг санаачлах байдал 10 жилийн өмнөхөөс доогуур байна"

 
Гэрэл зургийг MPA.mn

Мөн цаашид дараах ҮНДСЭН ГУРВАН ЧИГЛЭЛД анхаарах шаардлагатай байгааг тэрбээр хэлсэн юм. 

НЭГ. Тогтвортой байдлыг чухалчлах

  • Монгол Улсын макро эдийн засгийн орчин нэлээд тогтворгүй байна.
  • Үйлдвэрлэлийн хэлбэлзлээс хэрэглээний хэлбэлзэл давж байгаа нь улс орны тогтвортой бус байдалд макро эдийн засгийн бодлого, зохицуулалт ихээхэн нөлөөлснийг харуулж байна.
  • Тогтвортой байдлыг хангахын тулд өнөөгийн хэрэглээг дээд хэмжээнд хүргэхэд бус эдийн засгийн мөчлөгийн бүхий л үед хэрэглээг тогтвортой байлгаж, тэнцвэржүүлэхэд макро эдийн засгийн бодлогыг чиглүүлэх

ХОЁР. Бүтээмжийн өсөлтийг тэтгэх

  • Өнгөрсөн 10 жилд Монгол Улсын бүтээмжийн өсөлт сул байлаа.
  • Монгол Улс залуу, боловсролтой ажиллах хүчинд зориулан өндөр бүтээмжтэй ажлын байр олноор бий болох нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.
  • Монголын компаниудын шинийг санаачлах байдал 10 жилийн өмнөхөөс доогуур байна.

ГУРАВ. Хүний болон институтийн хөгжилд чиглэх бодлогын тэргүүлэх чиглэлүүд

Хөдөлмөрийн зах зээлийн реформ:

  • Хүний нөөцийн бодлоготой нарийн уялдсан боловсролын чанарын асуудлыг дахин эргэж харах
  • Чанартай, хүртээмжтэй хүүхэд харах үйлчилгээнд анхаарах
  • Боловсрол, сургалтын чанарт хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх
  • Сургалтын хөтөлбөрийг зах зээлийн эрэлттэй нягт уялдуулах, хувийн салбарт эрэлттэй мэргэжлийг түлхүү дэмжих

Ур чадвартай ажиллах хүчнийг татах, эх орондоо тогтоон барих:

  • Цагаач, гадаадад оршин сууж буй иргэдийн асуудлуудыг хариуцсан салбар агентлаг байгуулах, ажиллуулах. Гадагшаа гарч буй боловсролтой ажиллах хүчний мэдээллийг нэгтгэх
  • Гадаадад буй чадварлаг боловсон хүчнийг улс орныхоо хөгжилд татан оролцуулах /Малайз улсын туршлага /

Институтийн хөгжил/ил тод байдал, хариуцлага, үр ашигтай улсын хөрөнгө оруулалт/

  • Гэрээ хэлцэл, зөвшөөрөл, өмчлөгчийн талаарх мэдээллийг ил тод болгох /ялангуяа олборлох салбарын/
  • Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг сайжруулах
  • Төрийн үйлчилгээг цахимжуулах нэгдсэн, цогц бодлого хэрэгжүүлэх

Харьцангуй давуу талтай салбар болон бүтээгдэхүүнээ дэмжих

  • Боловсруулах салбарыг өргөжүүлэх хөшүүргийг бий болгох
  • Одоогоор хүчинтэй хэрэгжиж буй худалдааны гэрээ, хамтын ажиллагааг сайтар ашиглах хэмээн тодорхойлжээ. 

“Discover Mongolia-2020” чуулга уулзалтыг Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ордуудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй “Эрдэнэс Монгол” ХХК хамтран зохион байгуулж байгаа юм. “Эрдэнэс Монгол” нэгдэл өнөөдрийн байдлаар 13 охин, хараат компани, гурван төслийн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд жилд 700-800 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, 15-20 сая тонн коксжих нүүрс олборлож, дотоодын эрчим хүчний хэрэгцээнд 6 сая тонн нүүрс нийлүүлж байна.

ФОТО: