Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Цус харвалтын шалтгаан болон илрэх шинж тэмдгүүд

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 10 сарын 29
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдрийг “Дэлхийн Харвалтын өдөр” болгон тэмдэглэдэг. Уг өдрийг тохиолдуулан Улсын хоёрдугаар төв эмнэлгээс “Харвалтын эрсдлийг үнэлэх” зөвлөгөө, сургалтын өдөрлөгийг олон нийтэд нээлттэй зохион байгууллаа.

Энэ үеэр УХТЭ-ийн Мэдрэл судлалын тасгийн эрхлэгч П.Дуламрагчаагаас зарим зүйлийг тодруулав.

 

-Манай улсад харвалтын чиглэлээр нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг эмнэлэг хэр олон байдаг вэ?

-Эрүүл мэндийн байгууллагын эмч, өвчтөн өөрөө болон түүний ар гэр ч харвалтыг эрт үед нь оношилж сурсан байх ёстой. Бид харвалтын эрсдлийг эрт оношилж чадвал дараагийн гарах хүндрэлээс сэргийлж чадна. Тийм ч учраас тархинд цус харвах өвчний үед цаг хугацаатай уралдаж ажиллах хэрэгтэй. Ер нь тусламжийг аль болох хурдан хүргэх ёстой.

Одоогоор зөвхөн харвалтын мэргэшсэн төв нь Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр байгаа ч бусад эмнэлгүүд харвалттай өвчтөнөө хүлээн авч буй. Энэ нь гэхдээ арай лавшруулсан түвшинд хүргээгүй байгаа л гэсэн үг юм.

Тиймээс энэ жилийн есдүгээр сараас 20-ноос Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг харвалтын чиглэлээр ижил түвшний үйлчилгээ үзүүлэх том зорилт тавин ажиллаж байна.

-Манай улсад жилд хэчнээн хүнд харвалт өвчнөөр эмнэлэгт ханддаг бол, статистик тоо баримт бий юу?

- Манай улсад 2013 оноос хойш жилд дунджаар шинэ харвалтын тохиолдол 5,000-6,500 орчмын хооронд хэлбэлзэж байна гэх статистик бий. Энэ тоо бол цөөн хүн амтай манай улсын хувьд маш өндөр үзүүлэлт.

Харвалтаар нас баралтын хувьд улсын хэмжээнд жид 1,000 орчим хүн харвалтын улмаас нас барж байна. Гэхдээ эрүүл мэндийн байгууллага, шат шатны эмнэлгүүд нас баралтыг бууруулах талаар нөлөөллийн арга хэмжээнүүдийг тодорхой хэмжээнд авч хэрэгжүүлж, тактиктай ажиллаж байгаа.

Эрүүл мэндийн байгууллагын хувьд эрт үеийн оношилгоо, түүн дээр хийгдэж буй эмчилгээний шинэ технологи нэвтрүүлж чадах юм бол хүндрэх эрсдлээс сэргийлэх боломжтой.

-Харвалт үүсэж шалтгаант хүчин зүйл юу вэ. Энэ тал дээр зөвлөгөө өгөхгүй юу?

- Харвалт нь өөрөө зүрх судасны өвчний хүндрэл гэж явж байгаа. Мэдрэлийн эмч нар харвалттай өвчтөнтэй байнга тулж ажиллаж буй. Харвалт үүсэхэд хэд хэдэн шалтгаан бий.

Нэгдүгээрт, иргэд цусны даралтаа маш сайн хянаж байх ёстой. Цусны даралт их өндөр байх нь цус харвах эрсдэл гэж үздэг.

Хоёрдугаарт, цусан дахь сахарын хэмжээ их байх нь цус харвах эрсдэл юм. Цусан дахь сахарын хэмжээ гэдэг бол чихрийн шижин өвчин ч байх эрсдэлтэй.

Тиймээс ч бид өнөөдрийн өдөрлөгт ирж  буй үйлчлүүлэгчдээ сахарын суурь үзүүлэлтийг нь хэмжиж, түргэвчилсэн аргаар хариу өгч байна.

Гуравдугаарт, янз бүрийн тархины судасны гажгаас шалтгаалж харвалт өгч болзошгүй. Өөрөөр хэлбэл, судас хөгжихдөө нэг газраа цүлхийх магадлал бий. Үүнийг цүлхэн гэж нэрлэдэг. Цүлхэн хагарах аюултай тал байдаг. Мөн судасны мушгираа, зангираа нь ч харвалтын нэг хүчин зүйл болдог.

Дөрөвдүгээрт, хөдөлгөөний хомстол ч харвалтад нөлөөлнө. Ялангуяа, суумгай ажил хийдэг, дасгал хөдөлгөөн хийдэггүй, жингийн илүүдэлтэй байдал олон эрсдэл дагуулна. Дээрх эрсдэлт хүчин зүйлсийг бид арилгаж чадвал харвалтаас сэргийлэх боломжтой.

Эрсдэлт хүчин зүйлүүд нь дандаа бидний хэрэгжүүлж, сэргийлж чадах зүйлүүд юм.

-Ер нь хэдээс хэдэн насны хүмүүст харвалт гэдэг өвчин илүү тохиолдож байна вэ?

- Статистик үзүүлэлтийг харвал 45-аас дээш насны хүмүүст харвах эрсдэл байдаг. Уг нь 10 орчим жилийн өмнө харвалт нь зөвхөн нас ахисан хүмүүст тохиолддог гэж ярьдаг байсан. Гэтэл одоо харьцангуй залуужиж 30-аас дээш насныхны дунд тархины цус харвах эрсдэл нэмэгдсэн гэсэн судалгаа бий.

Гэхдээ манай улсад хүн амаа эрүүлжүүлэх цогц бодлого давхар явж, бүх түвшний хүмүүс үүнд анхаарлаа хандуулж байгаа учир нааштай үр дүн гарах байх. Түүний нэг илрэл нь бүх эмнэлгүүдийг ижил түвшний харвалтын тусламж үзүүлэх гэсэн чиглэл өгч байгаа.

-Нэгэнт харвасан хүмүүс эмнэлгээс гарсан хойноо гам барих шаардлагатай юу?

-Эмнэлгийн байгууллага харвалтын хурц үеийн маш сайн эмчлээд эмнэлгээс гаргадаг. Гэхдээ харвалт гэдэг өвчин нь өөрөө маш хүнд учраас ямар нэг хэмжээгээр эмнэлгээс гарахдаа бусдын асаргаатай байхыг шаарддаг. Тухайн асаргааг ихэвчлэн тухайн өвчтөний гэр бүлийнхэн хийдэг бол эмчийн хяналтыг Өрх, сумын эрүүл мэндийн төвөөс тавьдаг.

Эрүүл мэндийн байгууллагын хоёр шатны мэргэжлийн эмч нар хоорондоо маш холбоотой ажиллаж, мэргэжлийн эмчийн өгч буй зөвлөмжийг өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар тухайн өвчтөнд тааруулж тогтмол хэрэгжүүлэх ёстой.

Тухайлбал, эм тангаа ууж байгаа эсэх, тодорхой хэмжээний зааж өгсөн дасгалыг хийж байгаа зэрэг нарийн юмыг нь анзаарч манай өрх сумын эмч нар ажилладаг. Цаашдаа бид сум, өрхийн эмч нарт зориулсан энэ талын сургалтын зохион байгуулах төлөвлөгөө бий.

Харин харвасан хүнд эмнэлгээс гарсан хойно нь заавал барих ёстой гам бий. Үүнд, идэж уух зүйлээ зөв зохицуулах, эмээ тогтмол уух, хөдөлгөөн дасгалаа байнга хийх, тайван байх, боломжтой бол агаар салхинд гарах зэрэг багтана.

Мэдээж хүнд, хэвтрийн хүмүүст иймэрхүү гам барих хэцүү. Гэхдээ энэ өвчин өвчтөнөөс тэвчээр шаарддаг бөгөөд аажимдаа сайжрах магадлалтай учраас өвчтөн жаахан хүлээцтэй байх хэрэгтэй.

Тийм хүнд зүйлээс амиа аварчихсан хүн сэтгэлийн хаттай, тэмцэгч байх хэрэгтэй. Тэгж байж хамтдаа өвчнөө давж гарна гэдгийг ч бид өвчтөнүүддээ хэлдэг.

-Харвалтын өмнө ямар шинж тэмдэг илэрдэг бол?

-Дээр дурдсан эрсдэлт хүчин зүйлийг л байнга хянаж байх ёстой. Ингэхийн тулд иргэд аль болох урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагаас уриалсаар байгаа.

Ялангуяа дээр дурдсан цусны даралт ихсэн өвчин, сахарын өвчин, жингийн илүүдэл, зүх судасны эмгэгийг жилд нэг удаа заавал үзүүлж, түүн дээрээ анхаарвал харвах эрсдлийг маш их бууруулна гэж бодож байна.

Түүнээс гадна, харвалтын эрт үеийн шинж гэж бий. 

Үүнд, гэв гэнэт толгой хүчтэй өвдөх, нүдэнд нь давхарлаж харагдаж, нүүр нь мурийх буюу ярьж байхад үе ам, нүүр нь мурийх зэрэг орно. Мөн мөчний хөдөлгөөн муудах шинж тэмдэг илэрдэг. Энэ нь гар эсвэл хөл хүнд их хүнд болох мэт санагдахыг хэлж байгаа юм. Дээрээс нь хэл яриа тульрах буюу ойлгомжгүй болдог. 

Иймэрхүү шинж тэмдэг гэнэт илэрч эхэлбэл цаг хугацаа алдахгүйгээр эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Ийм шинж тэмдэг гэнэт илрээд эхэлбэл цагтай уралдаж арга хэмжээ авч байж харвалтын голомтыг томруулахгүй байх боломжтой.

-Дахин харвах шалтгаан юутай холбоотой юм бэ. Мөн нэгэнт харвасан хүн юуг илүү анхаарах ёстой байдаг вэ?

-Харвалтаас хойш дахин харвах эрсдэл эхний нэг сарын хугацаанд маш өндөр байдаг. Түүний  шалтгаан нь харилцан адилгүй. Хүмүүс гамаа сайн барих ёстой л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эмчийн зөвлөгөөг л сайтар дагах нь зөв. Дураараа эм авч уух биш зөвхөн мэргэжлийн эмчийн зөвлөсөн эмийг тогтмол уух, өрхийн болон сумын эрүүл мэндийн төвдөө тогтмол үзүүлж байх хэрэгтэй.

Түүнээс гадна хоол хүнсээ анзаарч, хэт их өөх тостой хоол идэх хэрэггүй байдаг. Мөн яг харвалтын дараах хурц үед сүүтэй цай нэг их уулгадаггүй гэдгийг ч бодолцох нь зөв.

Гэрэл зургийг Mpa.mn