Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Чимэдцэеэ: Би Д.Түвшинжаргалыг биш хуулийг буруутгаж байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ болон "Сүхбаатарын хүүхнүүд" хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ "Д.Түвшинжаргал бид хоёрын дундах маргаан анх 2014 онд эхэлсэн. Түүний нэхэмжлээд байгаа байрыг 2002 онд Сүхбаатар аймгийн Б.Мөнхцэцэг гэдэг эмэгтэй 64 саяар худалдаж аваад төлбөрийг нь 100 хувь барагдуулсан.

Ардын Жүжигчин цол хүртэхэд надад Б.Мөнхцэцэг байраа бэлэглэж, би хариуд нь газраа бэлэглэсэн. Д.Түвшинжаргалыг явахад нь би машин хүртэл өгч явуулж байсан. Сүүлд нь гэрлэлтийн баталгаагаа салгуулъя гэхэд байрыг чинь авна гээд шүүхэд хандсан. Анхан шатны шүүхийн шийдвэр миний талд гарсан. Дараагийн шатны шүүх хурлуудад миний хувьд оролцох боломжгүй байсан. Бэр минь, эгч минь нас барсан хүнд цаг үе. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр нэгэнт гарч, шийдвэр гүйцэтгэх газраас байрыг суллуулж авна гэсээр байгаа. Одоогийн байдлаар 100 гаруй сая төгрөг Д.Түвшинжаргалд өгсөн. Дахиад 100 гаруй сая төгрөг өгөхгүй бол байраа суллаж өгөх хэмжээнд хүрээд байгаа. Үнэн нь л энэ.

64 саяын байр 10 гаруй жилийн дараа 360 орчим сая болсон.  Байр байтугай, угаалгын машин, хивс, тоос сорогч хүртэл авна гэнэ лээ. Би Д.Түвшинжаргалыг биш хуулийг буруутгаж байна. Хөрөнгө хэнийх байхаас үл хамаараад таваас дээш жил амьдарсан бол хөрөнгийг нь дундуур нь хуваана гэсэн заалттай. Их хуралд хууль өөрчилдөг гэсэн олон хүн суудаг. Ард түмнийхээ амьдралд хэрэгтэй хуулийг өөрчилж өгөөч гэж хүсмээр байна. Би яах вэ. Өөр олон хүмүүс хохирох вий. Би авьяас чадвар, алдар нэрээ хураалгаагүй, хэвээрээ байгаа" гэлээ. 

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ шавь нарынхаа хамт 11 дүгээр сарын 28-нд тоглолтоо хийх юм байна. Тоглолтын талаарх мэдээллийг 99237123, 90087178 дугаараас авах боломжтой. 

 Ядарч яваа нэгэндээ туслаарай гэж хүсье 

 
Гэрэл зургийг mpa.mn

Ахмад настан Ч.Улаан "Миний хувьд Монголын эмэгтэйчүүдийн холбоонд олон жил ажилласан хүн. Ш.Чимэдцэеэ социализмын үед олон арван хандив цуглуулж байсныг мэднэ.

Жанрайсиг бурхныг сэргээн босгоход нэг хэсэг идэвхтэй хүмүүс соёлын сан гэж байгуулаад хандив босгосон. Энэ хүрээнд Ш.Чимэдцэеэ 21 аймгаар явж хандив цуглуулсан. Мөн энэ хүн Монголд валют цуглуулж өгсөн. Олон хотуудаар Н.Норонбанзад гуайтай тоглолт хийж байсныг нь санаж байна. 

Сүхбаатар аймгийн эмэгтэйчүүд Ш.Чимэдцэеэд туслах хандивын аяныг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар гурван сая орчим төгрөгийн хандив цугласан. Та бүхнээс ядарч яваа нэгэндээ туслаарай гэж хүсье" гэв.