Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөрөнгө оруулагч нэртэй Вьетнамын 45 иргэн хөдөлмөр эрхлэх визээр оршин суусан бол улсад ₮1 тэрбум орчмыг төвлөрүүлэх байсан"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаадын иргэн харьяатын газраас хийсэн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийн талаар өнөөдөр танилцууллаа. 

Тус газраас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд Вьетнам улсаас манай улсад ирж, авто тээврийн засвар үйлчилгээ үзүүлдэг иргэдийг шалгажээ. 

ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр "Вьетнам улсын 306 иргэнийг шалгахад 286 нь хөдөлмөр эрхлэх визээр манай улсад амьдарч байсан. Мөн шалгалтын явцад хөрөнгө оруулагч нэртэй 45 хүнийг онцгойлон шалгаж, ноцтой зөрчлийг илрүүлсэн.

Тодруулбал, Хөрөнгө оруулалтын тухай хуульд хөрөнгө оруулагч гэдгийг тодорхойлохдоо хуулийн этгээдээс гаргасан хувьцааны 25 ба түүнээс дээш хувийг эзэмшдэг, 100,000 ба түүнээс дээш хэмжээний ам.доллартой тэнцэхүйц хөрөнгийг дангаараа оруулсан байх ёстой хэмээсэн байдаг.

Гэтэл эдгээр иргэн хөрөнгө оруулаагүй, өөрсдийн нэр дээр болон аж ахуйн нэгжид эзэмшдэг бүртгэлтэй хөрөнгөгүй, бүртгэлтэй аж ахуйн нэгжгүй, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлдөггүй гэх зэрэг зөрчил гаргасан. Хамгийн ноцтой нь оршин суух визийн ангиллыг өөрчлөх замаар ажлын байрны төлбөрөөс төлөхөөс чөлөөлөгдсөн байна.

Хэрэв эдгээр хүн хөдөлмөр эрхлэх визээр хуулийн дагуу ажиллаж амьдарч байсан бол бидний тооцооллоор НЭГ ТЭРБУМ орчим төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх байсан” гэлээ.

Гадаад улсаас манай улсад ирж хөдөлмөр эрхэлж буй иргэн сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээний мөнгийг ажлын байрны төлбөрт төлөх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000-ыг хоёр дахин нэмэгдүүлж 840,000 төгрөгийг манай улсад ажиллаж, амьдарсан хугацаанд үржүүлэн тооцвол дээрх мөнгөн дүн гарч байгаа аж. 

Ийнхүү ноцтой зөрчил гаргасан 45 хүнээс 32-ынх нь визийг хүчингүй болгосон байна. Тэднээс хамгийн удаан оршин сууж буй хүн нь манай улсад 2008 онд ирсэн бол бусад нь дунджаар таван жил оршин суусан хүмүүс байгаа юм.